Дэлхий дахинд
Пентагоны үйлдвэрлэж буй хүлэмжийн хийн хэмжээ жижиг улс орнуудынхаас давж байна
АНУ-ын зэвсэгт хүчний дэлхийн янз бүрийн бүс нутгуудад явуулж буй үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хий зарим улс орнуудынхаас давж байгааг сүүлийн үеийн судалгаа харуулсан байна.
Брауны их сургуулийн хийсэн судалгааны тайланд өгүүлснээр 2017 онд Пентагоны нийт үйл ажиллагаанаас 59 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарчээ.
Энэ хэмжээгээр нь дэлхийн улс орнуудтай харьцуулж жагсаавал манай гарагийн 55 дахь том хүлэмжийн хий ялгаруулагч болохоор байгааг тус тайланд өгүүлсэн байна.
Үүний 70 орчим хувь нь цэрэг, зэвсэг тээвэрлэхэд зарцуулж буй шатахуун түлшний шаталтаас бүрэлджээ. Харьцуулбал Швед улс 2017 онд хүлэмжийн хийн ялгаруулалтаар дэлхийн улс орнуудаас 65 дугаарт жагссаныг Global Carbon Atlas төслийн судалгаа харуулсан байна.
Пентагоны ард энэ үзүүлэлтээрээ Португаль улс 57 дугаарт жагсаж байгааг дээрх судалгааг ахалж гүйцэтгэсэн Брауны их сургуулийн эрдэмтэн Нета Кроуфорд ярьжээ.
Дэлхийн дулаарлын гол буруутан хүлэмжийн хийн үйлдвэрлэлээр өнөөдөр Хятад улс дэлхийд тэргүүлж, АНУ дэд байранд жагсдаг юм. 2009 оноос хойш Пентагоны хүлэмжийн хийн ялгаруулалт огцом багассан нь АНУ-ын армийн машин техник шатахуунд хэмнэлттэй болж, зарим тохиолдолд цэвэр эрчим хүч хэрэглэдэг болсных гэж Кроуфорд тайлбарлаж байна.
Газрын тосны нийлүүлэлтийг хамгаалахын тулд Персийн буланд явуулж буй ажиллагаагаа зогсооход л Пентагон хүлэмжийн хийн ялгаруулалтаа эрс багасгахаар байгааг тэр бас ярьсан байна.
Эх сурвалж: Reuters