Эдийн засаг
Алт дэлхийн зах зээлд гялалзах уу?
Ийнхүү хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт 1,350 хүртэл өсөөд эргээд буурав. Ханш яагаад 1,350-аас дээш гарч чадалгүй гурван жил хагасыг үдэв? Цаашид хаачих вэ?
Алтны ханшийн чиглэлийг АНУ-ын эдийн засаг, дэлхийн эдийн засаг тодорхойлдог
Алт бол эрт үеээсээ төлбөр тооцооны хэрэгсэл байсан бөгөөд орчин үеийн эдийн засагт цаасан мөнгө үнэгүйдэх үед үнэ цэнээ хадгалах санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалт нь алт болж хувирсан билээ.
Цаасан мөнгө нь дараах хоёр нөхцөлд үнэ цэнээ алдаж болно. Үүнд эдийн засаг, санхүүгийн зах зээлийн уналт хямрал эсвэл цаасан мөнгө ихээр хэвлэж зах зээлд нийлүүлэх. Тодруулбал АНУ-ын эдийн засаг хямарч ам.доллар үнэгүйдэх, эсвэл төв банк нь эдийн засгаа тэлэх зорилгоор мөнгөний зөөлөн бодлого явуулж ам.долларын нийлүүлэлт өсөж үнэ цэнэ нь буурч болох юм. Цааш нь ухвал АНУ-ын төв банк мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхээр боллоо гэдэг нь ихэнх тохиолдолд эдийн засгийн ирээдүйн төлөв хүндрэх эрсдэлтэй байгаагийн шинж л дээ. Нэгтгээд харвал АНУ-ын эдийн засаг, дэлхийн эдийн засаг алтны ханшийн чиглэлийг тодорхойлж байгаа юм.
Тэгвэл цаашид АНУ болон дэлхийн эдийн засгийг юу угтаж байна вэ? Алт хаачих вэ?
Гадаад худалдааны дайн нь технологийн дайн болж хувирлаа: 2018 оны 6-р сард АНУ-аас Хятадын бүтээгдэхүүнд анхны тариф тавигдсанаас хойш яг нэг жилийн дараа хоёр улсын хэлэлцээр бүтэлгүйтсэн талаар АНУ зарласан билээ. Ийнхүү тавдугаар сараас эхлэн АНУ нь Хятадын 250 тэрбумын бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулсан бол Хятад нь АНУ-ын 110 тэрбумын бүтээгдэхүүнд 10-25 хувийн тариф ногдуулж эхэлсэн билээ. Үүгээр үл барам АНУ нь Хятадын тухайлсан нэг компанийг сонгон хар жагсаалтад оруулсан нь Хуавей байлаа.
Ухаалаг утасны зах зээлд борлуулалтаараа Самсунгийг дараа, Apple-ийн өмнө бичигддэг Хятадын компанид АНУ-ын компаниуд бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх, АНУ-д бүтээгдэхүүнийг худалдахгүй байхаар шийдвэрлэв. Үүнд АНУ-ын компаниудаас чип нийлүүлэхгүй байх, андройд үйлдлийн системийг Хуавейд нийлүүлэхгүй байх зэрэг асуудлууд багтаж байна. Үүний хариуд Хятад нь АНУ-руу экспортлодог “газрын ховор элемент”-ээ хязгаарлахаар болсон нь “Цахиурын хөндий”-н компаниудад хариу цохилт хийх оролдлого байлаа.
Хятадын тал бууж өгөхгүй нь тодорхой болов: Өнгөрсөн жил АНУ-ын талаас анхны тарифыг Хятадын бүтээгдэхүүнд тавьмагц Хятадын тал эргээд шууд хариу арга хэмжээ авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд анхнаасаа бууж өгөхгүй гэдгээ тодорхой хэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн сард Хятадын ерөнхийлөгч дотоодын аялал хийж, Жианши мужид байх үедээ нэгэн анхаарал татахуйц мэдэгдэл хийсэн нь орчин цагийн “Long March” эхэллээ гэсэн үг байсан юм. 1934 онд Хятадын Коммунист нам нь Үндэсний нам буюу Гоминданы намтай Жианши мужид тулалдаж эхэлсэн бөгөөд ялагдал хүлээснээр Шаанши муж хүртэл хойд зүг рүү 9,000 км-ын замыг туулж ухралт хийсэн байдаг.
Ингээд 1935 оны хавар Мао Зэдун Коммунист намын удирдлагыг гартаа авч хүчээ зузаатгаж эхэлсэн ба 1935 оны намар Үндэсний намыг ялсан байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин энэ түүхийг эргэн нэхэж мэдэгдэлдээ оруулсан нь тохиолдлын хэрэг биш юм. Нэг талаар гадаад худалдааны дайнд одоо бид ялагдаж байгаа ч эцсийн дүндээ ялалт байгуулна гэсэн санааг агуулсан бол нөгөө талаас энэ дайнд бид бууж өгөхгүй, энэ асуудал түргэн шийдэгдэхгүй, тиймээс бэлтгэлтэй байхыг анхааруулсан байж болох юм.
Талууд өөр өөрсдийн талд хамтран ажиллах түнш хайж эхэлсэн: Гадаад худалдааны дайнд хэн хэн нь дангаараа ялалт байгуулах боломжгүйгээ талууд ухаарсан уу гэлтэй Доналд Трамп Японы Абэ болон Английн Мэйтэй уулзаж энэ дайнд хамтран орохыг урив. Үүнтэй зэрэгцэн Хятадын Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дээд хэмжээний уулзалт хийж гадаад худалдааны хэмжээгээ 200 тэрбум ам.доллар хүргэх тохиролцоонд хүрлээ. Ийнхүү талууд өөр өөрсдийн хүчээ зузаатгаж эхэлсэн гэж хэлж болохоор байна. Энэ нь байдал мөддөө намжихгүй гэсэн санааг зах зээлд өгч байна.
Нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл уг асуудал хялбархан шийдэгдэхгүй бөгөөд хамгийн наанадаа дахин нэг жил үргэлжлэх юм. Учир нь ирэх оны намар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд Дональд Трамп ялагдвал нөхцөл байдал өөрчлөгдөх магадлал нэмэгдэнэ. Эс бөгөөс Трампын дараагийн Ерөнхийлөгчийн хугацаанд асуудал өрнөсөөр байх болов уу. Одоо хамгийн ойрхон хүлээгдэж буй гол үйл явдал бол энэ сарын 28-29-нд болох G20-ийн дээд хэмжээний уулзалт юм. Трампын зүгээс “Бид хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн. Харин Хятадын талд уулзалтад ирж хэлэлцээр хийхгүй бол нэмээд 300 тэрбумын бүтээгдэхүүнд нь 25 хувийн тариф тавихдаа маш их баяртай байх болно” гэдгээ аль хэдийнээ мэдэгдсэн.
Гадаад худалдааны дайн нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж улмаар алтны ханш өсөхөд нөлөөлж байна
ОУВС-аас 2019 оны дөрөвдүгээр сард дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан. Ингэснээр тус байгууллагын эдийн засгийн өсөлтийн таамаглал 2008 оны санхүүгийн зах зээлийн хямралаас хойшхи хамгийн бага түвшинд ирээд байгаа юм. Тус байгууллагын таамаглалаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал 3.5 хувь байсныг 3.3 хувь болгон бууруулжээ. Ингэснээр сүүлийн зургаан сарын хугацаанд өсөлтийн таамаглалыг гурван удаа бууруулсан хэрэг боллоо.
Хэдийгээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулсан ч Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 0.1 хувиар өсгөж 6.3 хувьд хүргээд байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн 2019 оны өсөлтийн төлөвийг 2.9 хувиас 2.6 хувь болгож бууруулсан байна. Харин өнгөрсөн онд тус байгууллагаас 2019 оны өсөлтийн таамаглалыг 3.0% гэж тооцож байсан.
Төв банкууд валютны нөөцдөө алт нэмж байгаа нь хямралын дохио юу?
Түүхийг сөхвөл, 2009 оны хямралаас өмнө АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлттэй, бодлогын хүү өндөр байх үед ам.долларын ханш чанга байсан тул төв банкууд алтны нөөцөө бууруулж иржээ. Харин 2009 оны их хямрал ам.доллар сулрахад хүргэхийн зэрэгцээ хямралаас гарах “Quantitative easing” хөтөлбөр нь ам.долларыг улам үнэгүйдүүлж орхисон юм.
“Quantitative easing” гэдэг нь мөнгөний бодлогын хүү 0 түвшинд ирж, уламжлалт мөнгөний бодлогын хэрэгсэл хана мөргөсөн үед эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг өсгөж, эдийн засгаа дэмжих уламжлалт бус арга юм. Энэ нь АНУ-ын хувьд төв банк Засгийн газрын үнэт цаас болон моргэйжээр баталгаажсан үнэт цаасыг банкуудаас худалдан авч, улмаар банкуудад санхүүгийн сул эх үүсвэрийг үлдээж, үүгээрээ дахин зээл олгох замаар эдийн засгийн өсөлтөө дэмжих байдлаар хэрэгжсэн юм.
Тэгвэл 2018 оны эцсийн байдлаар хамгийн их алтны нөөцтэй төв банкуудыг доорх хүснэгтэд харууллаа. Эдгээрээс Хятад болон ОХУ-ын алтны нөөц ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь уг хоёр улс сүүлийн жилүүдэд алтны нөөцөө эрс өсгөж байгаа билээ. Сонирхолтой нь уг хоёр улс нь хоёул АНУ-тай харилцаа тааруу байгаа юм.
Ирэх нэг жилийн хугацааны алтны ханшийн таамаглал
Гадаад худалдааны дайнаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, тэр дундаа Хятадын нөхцөл байдал илүү хурдацтай хүндэрч байгаатай уялдуулан томоохон банкууд алтны ханшийг дараах байдлаар таамаглаж байна. Нийт 5 банкны таамаглал байгаагаас зөвхөн нэг нь ханш тогтвортой, дөрөв нь ханш ирэх арван хоёр сарын хугацаанд өсөлттэй байх таамаглалыг дэвшүүлжээ.
Энэ бүхнээс Монгол хүн та хэрхэн ашиг хүртэх вэ?
Аливаа үйл явдал бүхэн хоёр талтай. Гадаад худалдааны дайнаас үүдэн Хятадын эдийн засаг унаж, түүхий эдийн үнэ буурах нь Монголын эдийн засаг хүнд цохилт болох ч гэлээ монгол хүн таны халаасанд цохилт өгөхгүй ч байж болно. Учир нь бид хавтай дэлхийд амьдарч байна. Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 95851542 утсаар холбогдож жагсаалтад бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.