Дэлхий дахинд
АНУ-ын 600 гаруй компани Хятадын барааны татварыг нэмэхгүй байхыг Трампын засаг захиргаанд уриаллаа
Өчигдөр Walmart, Costco, Target, Macy’s тэргүүтэй АНУ-ын 600 гаруй том жижиг компаниуд Дональд Трампын засаг захиргаанд хандаж захидал бичжээ.
Уг захидалд худалдааны дайны хүрээнд Хятадын бараа бүтээгдэхүүнд импортын татвар ноогдуулахгүй байхыг уриалсан байна. Хэрвээ ингэвэл Америкийн хэрэглэгчид, бизнесүүд, фермерүүд, эдийн засагт урт хугацаанд үргэлжлэх сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолжээ.
“Хятад улстай хийдэг худалдаанд эртнээс бий болсон бүтцийн асуудлуудыг цэгцэлж, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх засгийн газрынхаа бодлогыг бид дэмждэг. Гэхдээ энэ зорилт Америкчуудад дарамт болохгүйгээр шийдэгдэх боломжтой гэдэгт бид итгэж байна” гэж тус захидалд өгүүлсэн байна.
Одоогоор Хятадын $200 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 25 хувийн импортын татвар үйлчилж байгаа. Дональд Трамп цаашдаа дахин $300 тэрбумын дүнтэй бараанд ижил татвар ноогдуулахаар төлөвлөж байна. Энэ удаа илүү өдөр тутмын хэрэглээний эд барааны татвар нэмэгдэх тул Америкчуудын үүрэх ачаа нэмэгдэх юм.
Захидалд бичихдээ “Хятадын шударга бус худалдааны арга барилыг өөрчлөхийн тулд өргөн хүрээг хамарсан татвар ноогдуулах нь үр дүнтэй арга биш. Татварыг үнэндээ Хятад улс биш, харин энд гарын үсэг зурсан компаниуд төлөхөөр болоод байна” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: Business Insider