Дэлхий дахинд
Сэтгүүлчийн хэрэгтэй холбогдуулан Москвагийн цагдаагийн хоёр генералыг Путин огцрууллаа
Саяхан Оросын эрэн сурвалжлах сэтгүүлч Иван Голуновыг хар тамхи наймаалсан хэрэгт буруутгаж, гэрийн хорионд оруулсны дараа хэвлэл мэдээллийнхэн, иргэдийн эсэргүүцэл, тэмцлийн үр дүнд суллаж, хэргийг хаасан билээ.
Сэтгүүлчийн эрэн сурвалжлах ажилд өширхсөн цагдаагийн албан тушаалтнууд зохиомол хэрэг үүсгэсэн гэж ОХУ-ын дотоод хэргийн яам дүгнэсэн юм.
Тэгвэл өчигдөр Москва хотын хар тамхитай тэмцэх хэлстийн дарга, хошууч генерал Юрий Девяткин, Москва хотын баруун дүүргийн цагдаагийн газрын дарга, хошууч генерал Андрей Пучков нарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна.
Голуновыг сулласан зургаадугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын дотоод хэргийн сайд Владимир Колокольцев цагдаагийн хоёр өндөр албан тушаалтныг огцруулах хүсэлтийг Путинд тавихаа мэдэгдэж байсан юм.
Латвид төвтэй Медуза онлайн сэтгүүлд ажилладаг, 36 настай Иван Голуновт тулгасан хэрэг баримт нотолгоогүй, зохиомол болохыг тэр бас баталж байв.
Зургаадугаар сарын 6-ны өдөр сэтгүүлчийг баривчилсны дараа Оросын хэвлэл мэдээллийн салбарынхан, хүний эрхийн төлөө тэмцэгчид хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм.
Голунов нь Москва хотын захиргааны өндөр албан тушаалтнуудын авлигын дуулианыг эрэн сурвалжилж байжээ.
Сэтгүүлчийг суллагдсаны маргааш буюу зургаадугаар сарын 12-ны өдөр Москва хотын төвд олон зуун иргэд жагсаал хийж, хууль завхруулдаг албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж байв. Хууль бус жагсаал зохион байгуулсан шалтгаанаар цагдаа нар 513 хүнийг баривчилснаас долоо нь 15 хоног хүртэл хоригдох шийтгэл хүлээжээ.
Эх сурвалж: OVD-info