Дэлхий дахинд
Ангаргаас дахиад амьдралын ул мөр олдлоо
Ангараг гариг дээр үүрэг гүйцэтгэж байсан “Сониучхан” /Curiosity/ аппаратын явуулсэн мэдээлэлийг судалж буй эрдэмтэд Ангаргын агаараас авсан дээжийн судалгааг шалгаж үзээд амьдралын ул мөр байж болохуйц хангалттай хэмжээний метан байсныг олж тогтоожээ. “The New York Times” энэ талаар мэдээллээ.
Дээрх нээлтийг хийснийхээ дараа эрдэмтэд нээлтээ бататгахаар Ангаргаас дахин мэдээлэл авахаар болсон байна. Нэмэлт судалгааны дүн энэ сарын 24-нд буюу маргааш гарах ажээ.
“Сониучхан” Ангаргын агаар мандлаас аль 2013 онд метан хий илрүүлсэн бөгөөд энэ нь амьдрал байж болохыг харуулсан эхний дохио байсан. Харин энэ удаагийнх нь зургаан жилийн өмнөхөөс агууламжийн хувьд гурав дахин их буюу өмнөх таамаглалыг улам баталгаажуулсан аж. Дэлхий дээр метан хий нь ихэвчлэн амьд амьтдаас ялгардаг билээ.
Сониучханы дэлхий рүү илгээж буй “үнэт” мэдээллүүд үүгээр дуусахгүй. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр “Гейл” хэмээх тогооноос амьдрал байж болохыг харуулсан бас нэг бодис болох азотын нэгдэл олж илрүүлсэн юм.