Дэлхий дахинд
Малайзын экс хаантай гэрлэсэн мисс бүсгүй хайрын түүхээ хуваалцжээ
Малайзын хаан V Мухаммед Фарис өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 25 настай, Москвагийн мисс Оксана Воеводинатай хуримаа хийж багагүй шуугиан тарьсан билээ. 49 настай Мухаммед Фарис өнгөрсөн нэгдүгээр сард хугацаанаасаа өмнө хаан ширээнээсээ буухаар болсноо мэдэгдсэн бөгөөд эдүгээ тэрээр Малайзын Келантан мужийн захирагчаар ажиллаж байгаа юм. Мөн хос хоёр өнгөрсөн тавдугаарын 21-нд хүүтэй болжээ.
Залуухан мисс бүсгүй өөрөөсөө олон насаар ах хаантай гэрлэсний дараа хос хоёрын харилцаа, хайр сэтгэлийн талаар онлайн орчинд олон мэдээлэл тархсан юм. Харин саяхан Оксана Воеводина шинээр үүсгэсэн Инстаграм хуудсаараа дамжуулан хэрхэн Мухаммедтай учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн тухайгаа бичжээ. Тэрээр ислам шашинт хүнтэй гэрлэсэн тул уламжлалын дагуу нэрээ өөрчилж Рианна болгосон байна.
Тэрбээр “Олон хүний хувьд бид хоёр хэрхэн учир нь нууц хэвээр байгаа билээ. Би 2017 оны хавар хамтран ажилладаг найз Иаков Аработойгоо (үнэт эдлэл, цагны худалдаа эрхэлдэг) хамт Европт зоог барих үеэр анх Мухаммедтай танилцсан. Өөрийгөө Малайзын хаан гэж танилцуулахад нь хошигнож байна гэж бодоод би ч бас Москвагийн хатан хаан гэж хэлсэн. Бид хоёр бүтэн оройжин ярилцаж, эцэст нь утасны дугаараа солилцсон юм. Тун удалгүй би шинэхэн танилынхаа талаар мэдээ олж уншсан” хэмээн бичжээ. Түүнчлэн Рианна дараагийн удаа инстаграм хуудсаараа дамжуулан хувийн амьдралынхаа талаар илүү их мэдээлэл хүргэнэ гэдгээ дуулгажээ.
Дашрамд дурдахад, Мухаммед Малайзын хаан ширээнд суусан анхны ганц бие хаан байсан бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад руу эмчилгээ хийлгэхээр явсан ч удалгүй мисс бүсгүйтэй Москвад хуримаа хийсэн зураг нь цахим ертөнцөд тавигдсан юм. Өнгөрсөн хугацаанд Мухаммед Фарисыг Оксана Воеводинатай гэрлэсэн талаар Малайзын хааны ордноос албан ёсны мэдэгдэл гаргаагүй бөгөөд мисс бүсгүй ийнхүү инстаграм хуудсаараа анх удаа хувийн харилцааныхаа талаар ам нээж буй нь энэ аж.
Эх сурвалж: South China Morning Post