Дэлхий дахинд
G20-ЫН УУЛЗАЛТЫН ӨМНӨ ЯПОН БА ӨМНӨД СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА САЙЖИРСАНГҮЙ
Их хорь”-ийн чуулга уулзалт хэзээ мөдгүй эхлэх гэж байхад тус арга хэмжээнд чухал үүрэг гүйцэтгэдэг Япон ба Өмнөд Солонгос хоорондын харилцаа таагүй хэвээр байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Өмнөд Солонгосын зүгээс “Их хорь”-ийн уулзалтын үеэр Ерөнхийлөгч Мун Жэ Ин ба Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хооронд уулзалт зохион байгуулах тухай санал гаргасан ч Японы тал хариу өгөөгүй байна. Ингэснээр хоёр улсын тэргүүн чухал арга хэмжээний үеэр уулзалдах болвол зөвхөн Японы талаас хүссэн цагт уулзах боломжтой болсон байна.
2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы “Nippon Steel & Sumimoto Metal” компанийг дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдвэрт нь албадлагаар ажиллаж байсан дөрвөн солонгос хүнд тус бүр 87 мянган долларын нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргасан юм. Үүний хариуд Токоио нь албан ёсны эсэргүүцэл илэрхийлснээр хоёр улсын харилцаа таагүйтсэн.
Мөн 2018 онд Өмнөд Солонгосын Дээд шүүх нь Японы Нагоя хот дахь “Mitsubishi” компанийн үйлдвэрт албадлагаар ажиллаж байсан гэх олон арван солонгосчуудад нөхөн төлбөр өгөх шийдвэр гаргахад Японы компани арга буюу тус бүрт нь 130 мянган доллар төлж байсан билээ.
Япон улс нь 1965 онд Солонгосын хойгийг колончилж байсны нөхөн төлбөр гэж 500 сая долларыг төлснөөр дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдсэн гэж үздэг ч солонгосчууд нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргасан хэвээр байна.