Ivanka Trump appears to be trying to get involved in a talk among Macron, May, Trudeau and Lagarde (IMF head).
The video is released by French Presidential palace.
Дэлхий дахинд
“Томчуудын яриа”-нд оролцохыг хичээж буй Трампын охины дүрс бичлэг Америкчуудыг бухимдуулав
Өнгөрсөн долоо хоногт Японы Осакад болж өнгөрсөн “Их 20”-ын чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагч нарын ярианд оролцох гэж оролдож байгааг харуулсан видеог Францын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өчигдөр нийтэд тараажээ.
Бичлэгт Иванка Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Британийн ерөнхий сайд Тереза Мэй, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард нарын ярианд оролцож, зарим тохиолдолд удирдагчдын яриаг тасалж байгааг харуулсан байна. Удирдагчдын биеийн хэл, харцнаас АНУ-ын ерөнхийлөгчийн охинтой харилцахаас зайлсхийж байгаа нь илт харагдаж байжээ.
Цагаан ордонд зөвлөх статустай Иванка Трамп нөхөр Жаред Кушнерын хамт эцгийгээ дагаж “Их 20”-ын чуулганд оролцсон юм. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар салбар хуралдаанд илтгэл тавихаар Осакад ирсэн юм байна.
Уг дүрс бичлэг сошиал орчинд хүчтэй тарж, Америкчууд Иванкагийн эрээ цээргүй үйлдлийг шүүмжилж эхэлжээ.
Тэдний зарим нь уг дүрс бичлэгийг “нүд хальтрам” хэмээн нэрлэж байв.
АНУ-ын конгресс дахь Александра Окасио Кортез, Тэд Лию нарын тэргүүтэй Ардчилсан Намын төлөөлөгчид Трампын охиноос уг видео бичлэгийн талаар тайлбар шаарджээ.
Трампын засаг захиргааны үед гэр бүлийн гишүүдээ төрийн хэрэгт оролцуулсан гэх асуудал байнга яригдаж байгаа. Иванкагийн нөхөр Жаред Кушнерт АНУ-ын төрийн нууц, тагнуулын материалд хандах эрх олгосон асуудал одоо болтол маргаантай хэвээр байгаа юм.