Дэлхий дахинд
Хятадын хөдөлмөрийн хуулийг зөрчсөн… APPLE
Хятадад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “China Labor Watch” ТББ нь “Apple” компани ба түүний үйлдвэрлэлийн түнш “Foxconn Technology Group”-ийг БНХАУ-ын Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна. Тодруулбал, Жэнжоу дахь iPhone-ы үйлдвэр дээр хэт олон тооны түр ажилтан хөлсөлсөн. Тус ТББ-аас гаргасан судалгаагаар наймдугаар сард тус үйлдвэр дээрх түр ажилчид, түүний дотор сурагчдын эзлэх хувь нь нийт ажиллагсдын 50 хувиас илүү байсан. Гэтэл хуулийн дагуу түр ажиллагсдын эзлэх хувь 10-аас ихгүй байх ёстой. Өнгөрсөн сарын сүүлээр түр ажилтнуудын тоо 30 хувь хүрч буурсан ч гэлээ хөдөлмөрийн хуулийг зөрчсөн хэвээр байсан аж. Түр ажиллагсад нь үндсэн захиалагч ба үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулдаггүй тул шагнал авдаггүй, элдэв хөнгөлөлт эдэлдэггүй, гомдол гаргах эрхгүй гэх мэтээр их ашигтай байдаг аж. Иймд “China Labor Watch” нь “Хятад ба Америк хоорондын худалдааны дайнаас үүдсэн зардлаа Apple нь ажилтнуудад тохож, тэдний хөдөлмөрийг шулах замаар ашиг олж байна гэж” гэж буруутгасан байна. Тайваны “Foxconn Technology Group” компани нь захиалгаар электрон бараа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани бөгөөд “-“Apple”-ийн нийлүүлэгч. Тус компани нь 1974 онд байгуулагдаж байсан. 2018 онд орлогын хэмжээ нь 5,2 их наяд тайван доллар буюу 166 тэрбум ам.доллар болж байжээ.