Дэлхий дахинд
Хакүхо ояката болбол Сүмогийн холбоо монголжино
Японы хэвлэлд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Ёкозүна Хакүхо энэ сарын 3-нд Японы иргэн болсон талаар хэвлэлүүд мэдээллээ. Ингэхээр тэр зодог тайлаад Сүмо бөхийн холбоонд оякатагаар үлдэх эрхтэй боллоо гэсэн үг. Хакүхо эртнээс энэ талаар ярьж байсан ч Японы иргэн биш тул чадахгүй байсан ч одоо түүнд саад байхгүй.
“Япон хүний хувьд хичээн барилдах болно. 18 жил сүмо барилдсан үр дүн өнөөдөр гарч байна” гэж тэр хэлсэн. Түүний үгийг Японы сүмо бөхийн холбоо сэтгэл түгшин сонсож байлаа.
Яагаад гэвэл Хакүхо их шүүмжлэл тавьдаг бөх. Ояката болчих юм бол хэлсэн үг бүр нь улам жинтэй болно. Хакүхо “Тойргийн барилдаан хэт олон байна, бөхчүүд гэмтлээ эдгээх, амрах цаг гарахгүй байна” гэж холбоонд гомдол тавьсан. Нэг үгээр хэлэхэд тэр “хувьсгалч” бөх.
Хакүхогийн эртнээс хүсэж ирсэн нэг зүйл нь “Гадаад бөхчүүдийн тооны хязгаар”-ыг цуцлах. Одоо дүрэмд нэг дэвжээнд нэг гадаад бөх байж болно гэж заасан байгаа. Монголд сүмо болохыг хүссэн олон авьяастай, сайн залуус бий. Тэднийг сүмогийн ертөнцөд чөлөөтэй оруулахын тулд хоригийг цуцлах нь Хакүхогийн чин хүсэл билээ.
Хэрэв гадаад залуус сүмод чөлөөтэй ордог болчихвол дээд зиндаа тэр чигээрээ монгол сүмочдоор дүүрэх нь гарцаагүй. Тэр үед инээж баярлах хүн монгол сүмочдын тэргүүн болох Хакүхо л байх болно.
“Хакүхо жил бүр Японд хүүхдүүдийн дунд “Хакүхо Цом” сүмогийн тэмцээн зохион байгуулдаг. Сүмог сурталчлан дэлгэрүүлж байгаа нь сайн хэрэг ч Хакүхо Монголын далбааг хамгийн голд нь мандуулдаг. Тэмцээний мэндчилгээгээ ч монгол хэлээр хэлдэг. Ингэхээр үзэгчид Монголын тэмцээн гэж ойлгохоос өөр аргагүй. Мөн “Хакүхо Цом” тэмцээндээ сүмогийн холбоог оролцуулдаггүй. Мэргэжлийн сүмог монголжуулах алхмуудаа тэр хэдийн хийж эхлээд байна” гэж Сүмогийн холбооны нэгэн хүн манай сурвалжлагчид ярьсан юм.
Гадаад бөхчүүдийн тооны хязгаарыг цуцлах нь жирийн ояката чадах зүйл биш. Тэгэхээр Хакүхо эхлээд холбооны Гүйцэтгэх зөвлөлд сонгогдоод, дараа нь Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчид дэвшиж байж, хувьсгал хийж чадна.
“Одоо монгол гаралтай ояката Хакүхог оруулбал дөрөв байна. Цаашдаа ч нэмэгдэх нь ойлгомжтой. Япон ояката, бөхчүүд дунд Хакүхогийн талын хүн цөөнгүй. Холбооны ерөнхийлөгчийн сонгууль болоход тэд Хакүход санал өгөх нь мэдээж” гэж нэгэн ояката ярилаа.
Ер нь цаашдаа түрүү бөхийн ёслол дээр Монголын сүлд дуулал эгшиглэх өдөр ч ирж магадгүй юм.