Нийгэм
Д.Намжил: Монголд ЖДҮ хөгжих бизнесийн орчин бүрдээгүй байна
Сүүлийн үед манай улсын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдал, тэдгээрийн гарах гарцын талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын зөвлөх профессор Д.Намжилтай ярилцлаа.
– Сайн байна уу. Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой зээлийн асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлж, тэмцлийн хэлбэрт шилжлээ. Ер нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл олон улсын жишигтэй харьцуулахад бүрэн утгаараа хөгжиж чадаж байна уу?
– Жижиг үйлдвэрлэл эрхлэгчид, үйлчилгээ үзүүлэгч өрх гэр бүл, хувь хүмүүс, хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа хэмээн ЖДҮийг өргөн хүрээнд хамруулан ойлгож болно. Өөрөөр хэлбэл ЖДҮ гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг хамруулсан ойлголтыг хэлдэг. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүнээ өрх гэрийн түвшинд хийхээс л эхэлнэ. Барууны өндөр хөгжсөн орнуудад ЖДҮ нь өрх гэр бүлийн хэмжээнд л байдаг. Жишээ нь Италид манай өвөөгийн өвөө ажиллуулж байсан юм гээд 200-300 жил болсон талхны үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж байх жишээтэй. Өдөрт 1000 ширхэг талх хийгээд л болдог. Тэгээд хийсэн талхыг нь ойр хавийнх нь хүмүүс худалдаж авдаг бөгөөл тэр талх нь амттай, чанартай, бас хямдхан байдаг. Талх авч байгаа хүмүүст бусад талхны компаниуд нь ямар ч хэрэггүй. Энэ чинь л жижиг дунд үйлдвэр байхгүй юу? Түүнээс биш том байшин савтай газар ЖДҮ биш. Гэтэл манай Монголд ийм газар бий билүү.
– Хэдхэн хоногийн өмнө ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэн. Ингэж татвараа төлөхгүй байх нь хэр зөв шийдэл бол?
– Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхэлж буй байгуулагуудаа гишүүн байгууллага, гишүүн бус байгууллага гэж хоёр хуваадаг. Аль нь ч гэсэн татварын тухай хууль тогтомжинд заасны дагуу хугацаандаа, орлогоо зөв тодорхойлж, татвараа төлөх үүрэгтэй. Түүнээс биш танхим толгойлж буй хүн энэ байгууллагуудын татвар төлөх төлөхгүй гэх асуудлыг шийдэх эрх зүйн ямар ч үндэс байхгүй. Тэгэхээр МҮХАҮТ-аас буруу санал дэвшүүлсэн гэсэн үг. Одоо тэгвэл ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ийн зарим гишүүд, томоохон компаниуд, үйлдвэрлэл эрхэлдэг зарим байгууллагууд зээл авсан асуудалтай тэмцэхэд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэвэл нэгдүгээрт,ЖДҮ-ээс сүүлийн 5 жил, 10 жил зээл авсан компаниудын нэр, эздийг бүгдийг нь ил тод болгож, хэвлэлээр зарлах зайлшгүй шаардлагатай. Үүнийг ХХААХҮЯны засгийн газрын гишүүн, ерөнхий сайд хоёр л хийж, мэдээллийг ил тод болгох ёстой. Би ил болгоно гэвэл шууд хөөж явуулах тул эрх нь байгаа тэр хоёр хүн л ажиллах ёстой болоод байна. Хоёрдугаарт, ЖДҮХС-гаас зээл авах хууль журмын дагуу зээл аваагүй хууль бусаар авсан хүмүүсийг хурдан хуулийн хариуцлага хүлээлгэх. Гуравдугаарт, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан зээлдэгчийг ЖДҮХС-д буцааж зээлийг нь нэн яаралтай төлүүлэх. Дөрөвдүгээрт, Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй учир хууль бусаар зээл авсан ямар ч албан тушаалтныг бай хуулийн дагуу хариуцлага тооцож, шат дараалсан арга хэмжээнүүдийг авах ёстой.
– Хэрвээ ЖДҮХС-гийн зээл зорилтод бүлэгтээ очсон бол эдийн засгийн хувьд ямар нөлөө үзүүлэх байсан гэж та харж байна вэ?
– Журмынхаа дагуу явагдсан бол Монгол улсад олон хүн ажлын байртай, олон аж ахуй нэгж жижиг дунд үйлдвэрийн зээл авч үйлдвэрлэл явуулах боломж нээгдэх байлаа. Хэвлэлд гарснаар 500-600 аж ахуй нэгж зээл авахаар хүсэлт гаргаагүй гэж байсан. Тэгэхээр 600 ЖДҮ ойрын хэдэн жил хөгжих боломжийг алдагдууллаа. Энэ нь хамгийн том нөхөж баршгүй хохирол. Өөрөөр хэлбэл бизнесийн асар их боломж хаагдсан ба Монголд ЖДҮ хөгжих боломж хүндхэн байдалд орсныг харуулж байна.
– ЖДҮ-ийг тойрсон энэхүү хүндрэлтэй нөхцөл байдлыг яаж эрүүлжүүлэх ёстой вэ?
– Тийм ээ. Мэдээж хэрэг Монголд бизнес эрхлэх орчинг зөв болгох шаардлага гарч ирж байна. Үүний тулд нэгдүгээрт, Монголд зээл олгодог гурван том субеъкт (Арилжааны банк, ББСБ, Тусгай сангууд буюу ЖДҮС) бий. Эдгээрийн зээл олголтын хүүг ижилхэн болгох явдал юм. Тухайлбал, хамгийн өндөр хүүтэй нь ББСБ жилийн 25-36 хувийн хүүтэй, дараагаар нь арилжааны банк жилийн 12-26 хувь, гэтэл ЖДҮХС жилийн 3 хувь байх жишээтэй. Хамгийн гайгүй нөхцөлтэй нь ЖДҮХС байгаа төдийгүй нөгөө албан тушаалтнууд чинь хуйлраад байгаа шалтгаан юм. Түвшингийн хувьд тодорхой хэлэхэд жилийн 3-5 хувийн хүүтэй болгох ёстой. Энэ асуудлыг хөндөн АН-ын дарга С.Эрдэнийн санаачилсан хүүгийн хязгаар тогтоох тухай хуулийн төслийг одоо Монголбанк, Засгийн газар хамтарч УИХ-д оруулах нь зөв гэж бодож байна. Энэ бол бизнесийн орчинг сайжруулах хамгийн зөв гарц. Хоёрдугаарт, арилжааны банкуудын хадгаламжийн хүүг бууруулах ёстой буюу жилийн 1-2 хувь болгох ёстой. Бууруулна гэхээр их хэмжээний мөнгө хадгалуулж байгаа нөхдүүд мөнгөө татаад авчихна гэж айгаад байдаг. Огтхон ч тийм биш. Тийм зүйл болохгүй. Тэрбум төгрөгтэй хүн чинь баян хүн биз дээ. Тэгээд банкинд мөнгөө хадгалуулж байтал зээлийн хүү нь буурчихаар мөнгөө хадгалуулахаа болилоо гээд гэр рүүгээ авч явж чадахгүй гэсэн үг. Учир нь тэдэнд банкнаас өөр хадгалах газар байхгүй ба нэг хувь байсан ч хадгалуулна. Үүн дээр л одоо санхүүгийн зохицуулах хороо яаралтай арга хэмжээ авах ёстой байна. ББСБын зээлийн хүү арилжааны банкны зээлийн хүүгээс доогуур байх ёстой.
Зээл олгож буй гурван том субеъктын зээлийн хүүг ижил түвшинд буюу жилийн 3-5 хувийн хүүтэй болгох ёстой
– Дараагийн сэдэвтээ оръя. Сүүлийн үед төгрөгийн ханш огцом унаж байна. Төгрөгийн ханшийн уналтын шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
– Төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад суларч буй гол шалтгаан нь дараах зүйлтэй холбоотой гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монголын эдийн засагт долларын эрэлт их байна. Эрэлт нь манай улсын импорт эрс нэмэгдэж байгаатай холбоотой. Импортоо гурав хувааж үзвэл, МУ гадаад зах зээлээс хүсний бараа бүтээгдэхүүнийхээ 70-80 хувийг, нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь, техник тоног төхөөрөмжийг 100 хувь импортоор авч байна. Эдгээр нь долларын эрэлтийг бий болгож байна гэж харсан. Үүнд ч гэсэн гарц мэдээж хэрэг бий. Тухайлбал, нэгдүгээрт, нефтийн үйлдвэр барих гэж буй Засгийн газрын бодлого маш зөв бөгөөд аль болох хурдан л барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, импортоор авдаг хүнсний бараа бүтээгдэхүүнээ хязгаарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл болж өгвөл өөрсдөө үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гаднаас авахгүй байвал маш сайн. Энэ хоёрыг хэрэгжүүлж чадвал валютын эрэлт буурч, нөөц тогтвортой нэмэгдэж, төгрөгийн ханш удаан хугацаанд тогтвортой байдлаа хадгална.
– Тэгвэл төгрөгийн ханшийн уналтын эсрэг Засгийн газар, Монголбанк хамтран ямар арга хэмжээ авах ёстой бол?
– УИХаар хатуу зохицуулагдсан хууль оруулах хэрэгтэй. БНХАУ 1990 оноос хойш 1 ам.доллартой 6.5 юань орчим тэнцэх байдлаар 27 жил хатуу тогтсон ханшийг тогтоож ирлээ. Энэхүү Хятадын ханшны хатуу бодлогыг явуулах нь зөв юм. Өөрөөр хэлбэл валютын орох гарах урсгалыг төрийн хяналтад авах замаар валютын нөөцөө хатуу хяналтад оруулах явдал. Ингэсэн тохиолдолд ам.доллар төгрөгийн ханшийг тогтвортой түвшинд удаан хугацаанд барих боломжтой. Нэмээд валютын нөөц нэмэгдүүлэхэд манай хоёр хөрш алтны тухай хууль гаргаж, алт олборолтыг төрийн мэдэлд авч, зөвхөн төрийн өмчийн компани алт олборохыг зөвшөөрсөн байдаг уг хууль манай улсад бас шаардлагатай байна.
– Ярилцсанд баярлалаа
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.