Дэлхий дахинд
Хонгконгод цагдаа нар сэтгүүлчийн нүдийг сохолжээ
Хонгконгод мөргөлдөөний үеэр цагдаа нарын буудсан резинэн сум сурвалжлага хийж байсан Индонез сэтгүүлчийн хамгаалалтын шилийг хагалан, баруун нүдийг нь эмчлэгдэхээргүй болгожээ. Энэхүү мөргөлдөөн Хонгконгийн бослого хөдөлгөөн эхэлснээс хойш хамгийн том бөгөөд харгис мөргөлдөөн болсныг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Иргэд саваа мод, төмөр, шатамхай шингэнээр зэвсэглэжээ. Цагдаа нар гал нээсэн тус мөргөлдөөний үеэр нийт 269 хүнийг баривчилж, 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэнээс 30 нь хүнд бэртсэн байна.
Цагдаа нарын зүгээс 900 резинэн сум, 1400 нулимс асгаруулагч хий хэрэглэсэн нь өмнөх хоёр сарынхтай харьцуулахад 1000 нулимс асгаруулагч хийгээр илүү байгаа юм.
Индонезийн “Суара” сонины сэтгүүлч Веби Мэга Инда сэтгүүлчдийн өмсөх ёстой тод өнгийн “Press” гэсэн бичигтэй хантааз, дуулга өмссөн байсан бөгөөд “Битгий буудаарай! Бид сэтгүүлчид байна!” гэж орилж байжээ. Гэтэл 12 метрийн зайнаас резинэн сум сэтгүүлчийн нүдний хамгаалалтын шилэнд тусч, хоёр нүдийг нь хоёуланг нь гэмтээсэн хэмээн хуульч Майкл Видлер ярьж байна. Тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн сэтгүүлчийн нэг нүд эмчилгээ авах боломжгүй болж сохорсныг Лхагва гаригт эмнэлгээс мэдэгджээ.
Энэ мэдээллээс хойш Хонгконгод суугаа Индонезийн Элчин сайдын яамнаас иргэдээ Ван Чай болон бусад мөргөлдөөн болж буй газраас хол байхыг сануулсан байна.
“МИГРАНТ КЭЙР” ТББ-ын захирал Анис Хидаяа “Цагдаа нар энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой бөгөөд Хонгконгод суугаа Индонезийн Элчин сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж, арга хэмжээ авах хэрэгтэй” гэж Жакарта агентлагт байр сууриа илэрхийлжээ.