Нийгэм
“ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ” НЭЭГДЭЖ БАЙНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажил олгогч-ажил горилогч нар ярилцлага хийх өрөө, эмэгтэйчүүдийн хөгжлийн өрөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө, хүүхдийн өрөө, бүлгийн сургалтын өрөө, дундын оффис, гарааны бизнес арга хэмжээний өрөө, мэдээллийн булан зэрэг сурч, хөгжих, мэдээлэл, үйлчилгээ авах чөлөөт орчныг бий болгосон.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр захиргааны байгууллагуудаас гадна “Startup Mongolia” ТББ, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцон дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
- Ажилд зуучлах үйлчилгээ
- Сэтгэл зүйн зөвлөгөө
- Бүлгийн сургалт /СV бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх гэх мэт/
- Гарааны бизнесээ хэрхэн удирдах, хөгжүүлэх талаарх сургалт
- Ажил олгогчид ажил хайгч иргэдтэй ярилцлага хийж, шууд ажлын байраар хангах
- ХААНА: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар
- ХЭЗЭЭ: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00-12.00 цагийн хооронд
- ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502, Хөдөлмөрийн нэгдсэн лавлах: 1800-1896
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.