Дэлхий дахинд
Хонконгийн захиргаа жагсагчдыг нүүрэндээ баг зүүхийг хоригложээ
Хонконгод ардчиллын төлөөх жагсаал 17-дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Анх гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх маргаантай хуулийн төслийг эсэргүүцэж байсан Хонконгчууд өнөөдөр засгийн газрынхаа эсрэг тэмцлээ үргэлжлүүлж байна.
Тэгвэл Хонконгийн захирагч Керри Лам иргэдийг олон нийтийн жагсаал цуглаанд оролцохдоо нүүрэндээ баг зүүхийг хориглох журмыг удахгүй танилцуулахаар болсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Уг шинэ журмыг Их Британийн колоничлолын үеийн “Онц байдлын тухай хууль”-д үндэслэн гаргах юм байна. Уг хуулийг сүүлийн 50 жилд ганц ч удаа ашиглаагүй ажээ.
Жагсагчид өөрсдийг нь цагдаагийн ажилтнууд таньж, баривчлахаас урьдчилан сэргийлэн нүүрэндээ баг зүүдэг. Харин баг зүүхийг хориглосноор тэмцлийн эрчийг бууруулна гэж Хонконгийн засгийн газар үзэж байна. Хэрэв журмыг зөрчвөл тухайн иргэнийг нэг жил хүртэл хугацаагаар хорих эсвэл мөнгөн торгуулийн арга хэмжээ авахаар болжээ.