Дэлхий дахинд
Тагнуулын бас нэгэн ажилтан ерөнхийлөгч Трампын эсрэг гомдол гаргажээ
АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярих үед дэргэд нь байсан гэх тагнуулын бас нэгэн ажилтан энэ үеэр юу яригдсаныг дэлгэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Нэрээ нууцалж байгаа тэрхүү ажилтан Тагнуулын төв газрын Ерөнхий байцаагч Майкл Аткинсонд энэ талаараа мэдүүлэг өгөөд байгааг ч мэдэгджээ.
Энэ тухай тусгай ажилтны өмгөөлөгч Марк Зеидийн мэдэгдлээс иш татан Эй Би Си Ньюс анх мэдээлсэн нь дахин шуугиан дэгдээлээ. Энд 2 дахь гэрчтэй хуульчид ажиллаж байгаа төдийгүй түүнийг мөрдөж мөшгөхөөс хамгаалах арга хэмжээнүүдийг авсан тухайгаа өмгөөлөгч Зеид олон нийтийн сүлжээ Твиттер дэх хуудсаараа мэдэгдсэн байна. Ер нь ч Америкийн хууль тогтоомжоор төрийн онц чухал мэдээлэл дамжуулагчийн хувийн мэдээллийг чанд нууцалдаг бөгөөд эрх баригчид аюулгүй байдлыг нь хангаж өгөх үүрэгтэй байдаг аж. Өмгөөлөгчийнх нь бичсэнээр 2 дахь мэдээлэгч нь эхнийхтэй адилаар тусгай албаны офицер юм байна. Харин Трамп Ерөнхийлөгчийн талынхан, тодруулбал түүний өмгөөлөгч Руди Жулиани импичмент зарлах үйл явцыг эхлүүлэх мөрдөн шалгах ажиллагаа нь улс төрийн зорилготой учир өөр нэг нууц мэдээлэгч гарч ирсэнд гайхах зүйлгүй гэдгийг сануулсан байна.
Гэхдээ импичмент зарлахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааны 2 дах гэрчийн хувьд Трамп Ерөнхийлөгчийн Зеленскийтэй утсаар ярихыг сонссон гэдгээрээ ихээхэн үнэ цэнэтэйд тооцогдож байна. Үүнээс гадна Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярихад нь байлцсан албаны хүмүүс бий. Гадаад улс орнуудын удирдагчидтай утсаар ярихаас нь өмнө АНУ ын Ерөнхийлөгчид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд зөвлөгөө мэдээлэл өгдөг төдийгүй тэдгээрээс 2 нь утсаар ярих үед нь байлцдаг уламжлалтай юм байна. Мөн Цагаан ордны өөр нэг нууц өрөөнд Ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр албан тушаалын гишүүд яриаг нь сонсч, бичиж тэмдэглэж авдаг. Үүнийг нь утсаар ярьсан ярианы меморандум буюу товчоор мемкон гэж нэрлэдэг аж. Гэхдээ яг аудио бичлэг хийдэггүй юм байна. Мемконыг тусгай ажилтнууд мөн давхар хянадаг байна.
Тиймээс Трамп Зеленский нарын утсаар ярьсан яриаг албаны 10 орчим хүн сонсч чагнасан байх боломжтой гэнэ. Тэдгээрийн нэг нь АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео юм. Конгрессын төлөөлөгчдийн танхимын 3 хорооноос Төрийн департаментад хандаж утсаар ярьсан энэ яриатай холбоотой баримтууд гаргаж өгөхийг шаардаад байгаа. Гэвч одоогоор ярианы агуулга огт дурдагдаагүй хариулт аваад байгаа юм.