Дэлхий дахинд
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу БНАСАУ-д айлчилна
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу БНАСАУ-д айлчилна. Тэрбээр аравдугаар сарын эхээр Умард Солонгост айлчлах гэж байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр айлчлалын бэлтгэл эхэлсэн байна. Сергей Шойгу Умард Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чолтой уулзана.
Айлчлалын үеэр хоёр тал НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолоор хориг шахалтад орсон Умард Солонгосын талд цэргийн туслалцаа үзүүлэх талаар хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна. Ажиглагчдын хэлж байгаагаар АНУ Умард Солонгостой цөмийн яриа хэлэлцээ хийж байгаа энэ цаг үед Оросын талаас Солонгосын хойгийн нөхцөл байдалд оролцоотой байхыг хүсч байгаа юм.
Мөн эх сурвалжийн хэлснээр Сергей Шойгу Умард Солонгосын дараа БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй юм байна. Ингэснээр Москва, Бээжинтэй цэргийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хүсч байгаа нь харагдаж байгаа юм гэсэн тайлбар байна.
Хоёр улс энэ оны дөрөвдүгээр сард Умардын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хийсэн уулзалтаас хойш улс төр, эдийн засгийн салбарын харилцан айлчлалыг эрчимжүүлжээ.
Энэ оны зургаадугаар сард л гэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд Москва Батлан хамгаалахын дэд сайдаа БНАСАУ-д илгээсэн байна.