Дэлхий дахинд
АНУ-ын гурван дипломатч Оросын зэвсгийн туршилтын талбайн ойролцоо саатуулагджээ
АНУ-ын гурван дипломатч өнгөрсөн наймдугаар сард нууцлаг дэлбэрэлт болоход таван хүний амь үрэгдсэн зэвсгийн туршилтын талбайн орчимд саатуулагдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Ийм явдал болсныг Москва дахь АНУ-ын элчин сайдын яам баталсан байна. Оросын Интерфакс агентлаг дипломатчдыг зохих бичиг баримтгүй аялж явсан тул түр хугацаанд саатуулаад буцаасныг мэдээлжээ.
Харин ОХУ-ын гадаад хэргийн яам тэднийг очих газраа буруу мэдүүлж байсан тул “төөрснөөс гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.
Америкийн дипломатчид Даваа гарагт Оросын умард хэсгийн Северодвинск хотод галт тэргээр хүрээд саатуулагджээ. Энэ хотын ойролцоо байдаг зэвсгийн туршилтын талбайд наймдугаар сард нууцлаг осол гарч, ойр орчмын агаарт цацраг идэвхт бодис тархаж байв.
Хориотой бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг оролдсон үндэслэлээр тэдэнд захиргааны хариуцлага тооцох магадлалтай тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.
ОХУ-ын гадаад харилцааны яам “Дипломатчид Архангельск хот хүрэх гэж яваад Северодвинск хотод очсон байна. Тэд төөрснөөс гарцаагүй. Бид АНУ-ын элчин сайын яаманд Оросын газрын зураг өгөхөд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Северодвинскийн ойролцоо гарсан ослын талаар Москвагийн эрх баригчид нууцалж байгаа. Харин АНУ-ын нэг дипломатч Оросын тал цөмийн хөдөлгүүртэй Буревестник далавчит пуужинг Баренцийн тэнгисийн уснаас гаргах үеэр дэлбэрэлт болсон гэж дүгнэж байгаагаа саяхан НҮБ-ын хурал дээр үг хэлэхдээ мэдэгджээ.