Дэлхий дахинд
Цалингаа худал мэдээлсэн Ниссаны ерөнхийлөгчийг баривчилжээ
Японы хоёр дахь том автомашины үйлдвэрлэгч “Ниссан Мотор” компанийн ерөнхийлөгч Карлос Гоныг цалингаа худал мэдээлсэн гэх үндэслэлээр Токиогийн цагдаагийнхан баривчилсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг компанийнхан баталсан ч нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ерөнхийлөгч Гон олон жилийн турш цалингийнхаа хэмжээг олон саяар бууруулж, санхүүгийн тайландаа дурьдаг байсныг цагдаагийнхан мөрдлөгийн явцад илрүүлсэн юм.
Гон өнгөрөгч 2011 оноос хойш нийтдээ 5 тэрбум иен дутуу тайлагнасан гэж орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв.
Цагдаагийнхан өнгөрөгч амралтын өдөр түүнээс байцаалт авсан ба байцаалтын дараа баривчлах төлөвлөгөөтэй буйгаа сэтгүүлчдэд дуулгасан билээ.
Тэрбээр 1999 онд Францын “Renault SA” компаниас “Ниссан” компанид томилогдон иржээ. 2005 оноос гүйцэтгэх захирлаас ажилласан бол 2016 онд ерөнхийлөгчөөр томилогджээ.