Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Морин спорт уяачдын холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, даатгалын компанийн төлөөллүүд хамтран унаач хүүхдийн даатгалын асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээлэлд унаач хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг Санхүүгийн зохицуулах хорооны журмыг үл харгалзан 100 мянгаас багагүй байхаар тогтоож буйгаа илэрхийлэв.
Унаач хүүхдийн даатгал нь сайн дурын үндсэн дээр хийгддэг бөгөөд энэ асуудалтай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооны долдугаар сарын 4-ний өдрийн мэдэгдэлд “иргэн болон уяачид унаач хүүхдийнхээ даатгалын хувь, хэмжээг даатгагч талтай харилцан тохиролцоно” гэсэн нь зарим уяачдад 100 мянган төгрөгөөр даатгуулахгүй байж болно гэсэн маргаан дэгдээхэд хүргээд байгаа аж.
Урьд жилүүдэд 30 мянган төгрөгөөр даатгуулан, нөхөн олговрын дээд хэмжээ буюу даатгуулагч нас барсан тохиолдолд 5 сая төгрөг авч байсан юм. Хэрэв 100 мянган төгрөгөөр даатгуулвал нөхөн олговрын дээд хэмжээ 20 сая болох гэнэ. Санхүүгийн зохицуулах хороонд дээрх байгууллагууд эл журмаа цуцалж өгөхийг хүссэн мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлэхгүй байгаа тул хүүхдээ хамгаалах үүднээс унаач хүүхдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс багагүй байхаар тогтоож буйгаа ийнхүү мэдэгдлээ.
Энэхүү даатгал нь зөвхөн наадмын үед үйлчлэх биш, жилийн турш болж буй бэсрэг наадмуудад ч хүчинтэй юм. Өнгөрсөн жил даатгалын компаниудаас уралдааны үеэр нас барсан дөрвөн хүүхдэд нийт 20 сая төгрөгийг нөхөн олгосон байна. Одоогоор 14 компанид 7 000 хүүхэд даатгуулаад байна.