Дэлхий дахинд
Согтуу жолоочийг мөргөж, гурван хүний амийг аварчээ
АНУ-ын Аризона мужийн Финикс хотод нэгэн эмэгтэй хүүхэдтэйгээ зам хөндлөн гарч байсан хосыг аврахын тулд давхиж яваа согтуу жолоочийн машиныг мөргөсөн хэрэг гарчээ.
“Phoenix”-ийн цагдаагийн газар уг бичлэгийг саяхан цахим ертөнцөд нийтэлсэн нь олон хүний зүрхийг шимшрүүллээ. Осол орой 10 цагийн орчимд болсон байна.
27 настай Шаннон Вивар гэх эмэгтэй байгаагүй бол гурван хүний эрдэнэт амь үгүй болох байж. Тэр орой Шаннон ээж, 3 настай хүүхдийн хамт “Walmart” дэлгүүрээс гэр лүүгээ явж байсан гэнэ. Түүний ээж улаан гэрлээр “Jeep” машин хурдтай давхиж байгааг хараад гэнэт орилжээ. Нөхцөл байдлыг ойлгосон Шаннон “Jeep” машиныг нүд ирмэхийн зуур мөргөж, явган зорчигчдыг дайрахаас сэргийлж чадсан байна. Тэрбээр, хаазаа дараад хурдалснаас хойш юу ч санахгүй байгаа талаараа ярьжээ.
“Jeep”-ийн согтуу жолооч дөнгөж осол болсны дараа хэргийн газраас зугтах гэж оролджээ.
Хүүхэдтэйгээ зам хөндлөн гарч байсан хосууд эсэн мэнд машины мөргөлдөөнөөс холдож чадсан. Харин гурван хүний амийг аварсан Шаннон биендээ бэртэл, гэмтэл авахаас гадна машин нь эвдэрчээ. Түүнийг олон нийт зоригтой үйлдэл гаргасан “баатар” хэмээн өргөмжлөөд байна. Харин Шаннон энэ үйлдлээ “Болох ёстой зүйл болсон гэж би харж байна” хэмээсэн юм. Түүний нөхөр ослын улмаас гарсан хохирлыг барагдуулахын тулд “GoFundMe” кампанит ажлыг эхлүүлээд байна.
“Jeep”-ийн согтуу жолооч Эрнесто Останез Овесо дөнгөж осол болсны дараа хэргийн газраас зугтах гэж оролдсон бөгөөд гэрчүүд түүнийг зогсоосон гэнэ. Цагдаагийн газрын мэдээлж буйгаар гэмт хэрэгтнийг галт зэвсэг тээвэрлэж явсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчилжээ.