Дэлхий дахинд
Дэлхийн шинжлэх ухааны форум Будапештэд болно
Дэлхийн шинжлэх ухааны форум ирэх арваннэгдүгээр сарын 20-23-нд Унгарын Будапешт хотод болох гэж байна. 1999 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү форумын 20 жилийн ой энэ жил тохиож буй ажээ. Дэлхийн шинжлэх ухааны форумыг энэ жил “Шинжлэх ухаан, ёс зүй, хариуцлага” сэдвийн дор зохион байгуулах юм байна.
XXI зуунд шинжлэх ухааны аргыг хүний үнэт зүйл, итгэл үнэмшил, үзэл бодлоос салгах аргагүй болсон. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй байдал нь судалгааны ёс зүйн зарчмуудыг баримтлах, илүү их зөвшилцлийг шаарддаг болж байгаа гэж үздэг. Тиймээс Дэлхийн шинжлэх ухааны форумыг зохион байгуулагчид болон илтгэгчид биологийн инженерчлэл, хиймэл оюун ухаан болон хүний амьдралыг эрс өөрчлөх боломжтой шинжлэх ухааны судалгааны бусад салбарт өрнөж буй шинэ технологийн хувьсгалын боломж, эрсдлийн талаар ярилцахаар төлөвлөжээ.
Дөрвөн өдөр үргэлжлэх форумаар дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан эрдэм шинжилгээний ажилтнууд, бодлого боловсруулагчид, нийгэм, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбарын хүмүүс шинжлэх ухаанд ёс зүйн байр сууринаас хандах асуудлаар маргаан мэтгэлцээн явуулах боломжийг олгох гэнэ.