Нийгэм
ШИНЭ ДУУЛИАН: “Саусгоби Ресурс” Овоот толгой ордоор Хятадын төрийн өмчит компанид ӨР-өө төлөх үү?
Стратегийн гэх тодотголтой Нарийн сухайтын ордын шууд үргэлжлэл болох Овоот толгой ордын лицензийг 2037 оны есдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл эзэмшигч “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарласан нь тодорхой болоод байна. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн түр хугацааны дарга Сүнь Мао ийм мэдэгдэл гаргалаа.
Эргэн санахад, “Саусгоби Ресурс” компанийн охин компани болох “Саусгоби сэндс” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгой нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулах нь 2008 онд тодорхой болж байв.
Тэгвэл “Саусгоби Ресурс” компани дампуурлаа зарлах болсон шалтгаан нь Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд гэсэн тодотголтойгоор одоогоос есөн жилийн өмнө 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэнтэй холбоотой юм. Тухайн үед тэд ЗЭЭЛ хэмээн тайлбарлаж байхтай зэрэгцэн “500 сая ам.долларын төлөөс нь “Саусгоби Ресурс” компанийн хувьцааны 29,9 хувь. Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци 500 сая ам.доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч байна” гэж харагсад байсныг сануулах хэрэгтэй байх.
Харин есөн жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” компани БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation”-д хоёр хоногийн өмнө буюу 2018.11.19-нд багтаан төлөх байсан 41.8 сая ам.долларын төлбөрөө өгч чадаагүй бөгөөд дампуурлаа зарлах нөхцөл байдал бүрдсэн гэж үзжээ.
Эндээс харахад, БНХАУ Монгол болон бусад улс орнуудаас авах нүүрсний хэмжээгээ бодлогоор хумиж буйтай зэрэгцэн “Саусгоби Ресурс” компани Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр билүүт, Заг сүүж зэрэг нүүрсний орд газруудыг өрөндөө өгөөд, Монголоос гарахаар шийдсэн үү гэдэг асуудал анхаарал татахаар байгаа юм.
Сануулахад, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани 2008 оны наймдугаар сард нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК-ийг Монголд байгуулж байв. 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Саусгоби Ресурс” буюу “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан үүх түүхтэй. Улмаар “Саусгоби Ресурс” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ компанийн угшил Р.Фрийдландын “Айвенхоу” гэдгийг уншигч та ойлгосон биз ээ.
Р.Фрийдландын “Айвенхоу Майнз”-ын тухайд охин компаниудаа хөрөнгөөс тусгаарлах, татвараас зайлсхийх, бизнесийн чиглэлээ салгах, тухайн улс орнуудын хууль тогтоомжийн давуу болон сул талыг ашиглах зорилгоор Нидерланд, Их Британийн Виржиний арлууд, Аруба зэрэг газар сайгүй тархаан байгуулдаг. Яг энэ жишгээ “Саусгоби Ресурс” дээр ч давтсан.
“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ЛИЦЕНЗҮҮД ХЭНИЙХ БОЛОХ ВЭ?
Өмнийн говийн найман суманд хайгуул хийж, Овоот толгой зэрэг ордуудаас олборлолт хийсэн “Саусгоби Ресурс”-ийн удирдлагууд одоогоос зургаан жилийн өмнө 2012 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанийн удирдлагуудтай удаа дараагийн уулзалт хийж, “Саусгоби Ресурс”-ын 57.6 хувийг 898 сая ам.доллараар үнэлэн худалдахаар гэрээлээд буй тухай мэдээллийг үүнийг өгүүлэгч би вээр анхлан нийтэлж байсныг тодотгоё. Нэг биш хэд хэдэн орд, тэр дундаа геологичдын хэлж ярьдгаар стратегийн ордын шууд үргэлжлэл болох орд газруудыг эзэмшигч “Саусгоби Ресурс” манайхнаас юу ч асуулгүйгээр өмнөд хөршийн төрийн өмчит компанитай тохирсон асуудал улс төр, эдийн засгийн хүрээнд чамгүй дуулиан дагуулж байв.
Зургаан жилийн дараах өнөөдрийн нөхцөл байдлыг харахад “Саусгоби Ресурс” өр төлбөрийнхөө үлдэгдэл болох 41 сая ам.долларыг төлөхөөс татгалзаж байна.
Манай улсад төлөх ёстой 35 сая ам.долларын татвараас зугтаж, экс удирдлагууд нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өршөөл хүртэж байсан “Саусгоби Ресурс” энэ оны гуравдугаар улирлын байдлаар 24 сая ам.долларын орлоготой ажилласнаа тайлагнасан байдаг. Чухам харин дампуурлаа зарлах болсон шалтгаан нь БНХАУ-ын нүүрсний бодлоготой холбоотой юу гэдэг асуудал одоо анхааралд орж ирлээ. “Саусгоби Ресурс” дампуурлаа зарласнаар тэдний мэдэл дэх 2036-2047 он хүртэлх зөвшөөрөлтэй лицензүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал бас байна.
Хэдийгээр хөрш орон нүүрсний худалдан авалтаа танаж байгаа ч гуравдагч зах зээл Монголын нүүрсний өмнө нээгдэх ёстой цаг үе зүй ёсоор тулаад байна. Тиймээс Монголын нүүрсний бүлэг орд газрын эзэмшигч хэн байх вэ гэдэг сэдэв анхаарлын гадна үлдэх ёсгүй.
“САУСГОБИ РЕСУРС”-ЫН ХЯТАД УДИРДЛАГУУДТАЙ ТАНИЛЦ!
“Саусгоби Ресурс” компанийн одоогийн удирдлагуудын мэдээллийг харахад ТУЗ болоод Гүйцэтгэх удирдлагын түвшинд олонх нь БНХАУ-ын иргэд байна. Энэ нь тус компани Хятадын төрийн өмчит “Чалко”-той хийсэн тохироогоо асуудал намжсаны дараа ажил хэрэг болгочихсон юм биш биз гэж харахад хүргэж байгаа юм. Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн багийг харахад 2018 оны дунд үед ихэнх нь томилогджээ. Дандаа л туршлага арвинтай хүмүүс гэж компанийн албан ёсны сайтад бичсэн байсан. Тэгвэл шинэ удирдлагууд ирээд хагас жилийн ч нүүр үзэлгүй ДАМПУУРЛАА зарлалаа.
Компанийн удирдлагуудтай танилц!
Гүйцэтгэх захирал Ван Шөүгао
- Компанийн Гүйцэтгэх захирлаар 2018 оны зургадугаар сарын 1-нээс томилогдон ажиллаж байгаа. Ван Шөүгао нь төслийн менежмент, үйл ажиллагааны 30 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, мэргэшсэн уул уурхайн мэргэжилтэн бөгөөд Монгол Улсад болон дэлхийн олон уул уурхайн төслүүд дээр ажиллаж байсан. 2017 оны гуравдагуур сараас 2018 оны тавдугаар сар хүртэл БНХАУ-ын Төмөрлөгийн металл үйлдвэрлэлийн гадаадын инженеринг ба барилга (CNMC), (Shenzhen Stock Exchange: 00758) компанид Чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны асуудал эрхэлсэн даргаар ажиллаж байсан ба тус албыг хашиж байх хугацаандаа Чанар, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хяналтын төслийг амжилттай хариуцан хэрэгжүүлж байжээ. Мөн түүнчлэн Хятадын China Nonferrous Metal Mining Group (CNMC) болон түүний толгой компани болох Nonferrous Metal Mining (NFC) компанид олон улсын хэмжээний уул уурхайн олон төслүүд дээр ажиллаж байсан. Chambishi зэсийн уурхайн төслийн менежер, 2000-2006 онд Замби дахь зэсийн уурхайн төслийн менежер, дэд ерөнхийлөгч, 2011-2017 оны хооронд Монгол Улс дахь “Цайрт Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
Санхүү эрхэлсэн захирал Жан Вэйгуо
- 2018 оны зургадугаар сарын 1-нээс компанийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Жан нь Санхүүгийн нягтлан бодох бүртгэл, аудит, корпорацийн санхүүгийн удирдлагын 30 гаруй жилийн туршлагатай. Тэрбээр өмнө нь 30 гаруй жилийн хугацаанд NFC, CNMC компаниудын олон улс дахь охин компаниудад хэд хэдэн албан тушаал хашиж байсан. 2012 оны арваннэгдүгээр сараас 2017 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд NFC-ийн Кыргизстан дахь салбар компанийн ерөнхийлөгчөөр, 2003 оны нэгдүгээр сараас 2004 оны нэгдүгээр сар хүртэл тус компанийн аудитын хэлтсийн орлогч даргаар, Гуандун Жужиан Ховор Металл ХХК-ийн Санхүү хариуцсан захирлаар, 2004 оны нэгдүгээр сараас 2007 оны есдүгээр сар хүртэл NFC-ийн компанийн хөгжил, хөрөнгө оруулалтын хэлтсийн орлогч даргаар тус тус ажилласан. Сүүлд NFC-ийн барилгын салбарын хяналтын хэлтсийн даргаар 2018 оны тавдугаар сар хүртэл ажиллаж байсан бөгөөд 1982 оны есдүгээр сараас 1986 оны долдугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын Дунбэй Санхүү эдийн засгийн их сургуульд суралцан, эдийн засагч мэргэжлээр баклаврын зэрэг эзэмшсэн.
Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гуо Аймин
- 2018 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаа. “Шаньси Хонгша” компанийн Монгол дахь төслийн менежмент дээр есөн жил ажилласан тэрбээр 1995 онд БНХАУ-ын Уул уурхай, технологийн их сургуулийг геодезийн инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Жан Тао нь 2018 оны долдугаар сарын 3-наас дэд ерөнхийлөгч болон компанийн охин компаниудын ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа. NFC компанид 2007 оны гуравдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд 2007-2012 он хүртэл “Цайрт Минерал” ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга, ерөнхий менежерийн алба болон хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Чэнь Жывэй
- Компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-наас томилогдон ажиллаж байна. China Cinda (HK) Holdings Co. Limited (“Cinda HK”)-ийн ерөнхий менежерийн туслах болон тус компанийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга юм. Cinda HK нь “Саусгоби Ресурс” компанийн 17 хувийн хувьцааг эзэмшдэг хоёр дахь том хувьцаа эзэмшигч болох Novel Sunrise Investments Limited-ийн хувьцааг эзэмшдэг компани юм.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх бус гишүүн Ли Шяошяо
- Ли нь “Саусгоби Ресурс” компанийн ТУЗ-ийн гүйцэтгэх бус гишүүнээр 2018 оны дөрөвдүгээр сарын 13-наас томилогдон ажиллаж байна. China Cinda (HK) Holdings Co. Limited (“Cinda HK”)-ийн Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаа бөгөөд Cinda HK-ийн хөрөнгө оруулалтын ажлыг өргөжүүлэх, хяналт тавих ажлыг хариуцдаг. Тэрбээр Америкийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн юм. 2016 онд Cinda HK-д орохоосоо өмнө Ли нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Dingyi Group Investment Limited-ийн хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан.
“Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Чулууны Мөнхбат
- 2015 оны есдүгээр сараас “Саусгоби сэндс” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр анх 2012 онд “Саусгоби сэндс” ХХК-ийн Засгийн газар олон нийттэй харилцах хэлтсийн даргаар томилогдож байсан. Ч.Мөнхбат Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн төсөл дээр төслийн захирал, Дэлхийн банкны төслийн зохицуулагчаар ажиллаж байсан нэгэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.