Дэлхий дахинд
Грекийн цагдаа нар ачааны машинаас 41 дүрвэгчийг илрүүлжээ
Грекийн цагдаа нар өчигдөр тус улсын хойд хилийн орчимд хөргүүртэй ачааны машинаас 41 дүрвэгч илрүүлсэн байна.
Тэдгээр хүмүүс бүгд амьд мэнд байсан ч нэлээд хэд нь агаар дутагдалд орж, долоог нь эмнэлэгт хүргэжээ. Ачааны машины хөргүүр эвдэрсэн байсан нь тэднийг осгож үхэх аюулаас аварсан ч агааргүй орчинд удаан явснаас бие нь муудсан байна. Дүрвэгчид бүгд Афганистаны иргэд байжээ.
Туркээс Грекээр дайран Европ хүрэхээр явж байсан ачааны машины жолооч, 40 настай Гүржийн иргэнийг баривчлан саатуулсан байна.
Сүүлийн үед дүрвэгчид Европ тивд хууль бус арга замаар хүрэхийн тулд хөргүүртэй ачааны машинд нуугдах үзэгдэл нэмэгдсэн нь эндээс харагдаж байгаа юм.
Хоёр долоо хоног орчмын өмнө Британид ачааны машинаас 39 хүний цогцос илэрснийг одоо мөрдөн шалгаж байгаа.
Уг хэрэгтэй холбогдуулан Даваа гарагт найман хүнийг Вьетнамын хууль хүчнийхэн баривчилсан тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлжээ.
Грек улс нь Ойрх Дорнодоос Европ тивийг чиглэсэн дүрвэгчдийн гол зам болоод удаж байгаа. Дүрвэгчдийн урсгалын оргил үед буюу 2015 онд Сириэс ирсэн голдуу нэг сая гаруй хүн тус улсын Эгейн тэнгис дэх Лесбос, Самос арлуудад бууж байжээ.
Одоо нийт 35,000 гаруй дүрвэгч Грекийн арал дээрх дүрвэгсдийн хуаранд толгой хоргодож байна. Тэдний ихэнх хэсэг нь ямар нэг аргаар баруун Европын орнуудад хүрэх зорилготой юм.
Эх сурвалж: The Guardian