Дэлхий дахинд
Хятадын засгийн газар хүүхдүүдийн видео тоглоом тоглох хугацаанд хязгаарлалт тогтоолоо
Өнгөрсөн Мягмар гарагт Хятадын засгийн газар хүүхдүүдийн видео тоглоом тоглох хугацаанд хязгаарлалт тавих журам гаргажээ.
Журмын дагуу 18 хүртэл насныхан оройн 22:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэл хугацаанд ямар нэг онлайн тоглоом тоглох хориотой болж байна.
Ажлын өдөр тоглох хугацаа 90 минут бол амралтын өдрүүдэд 3 цаг байх юм.
Үүнээс гадна онлайн тоглоомонд зарцуулах мөнгөний хэмжээг нь хязгаарласан байна. Тухайлбал 8-16 насныхан сард 200 юань ($29) онлайн тоглоомд зарцуулах хязгаартай бол 16-18 насныхан 400 хүртэл юань үрэх эрхтэй болжээ.
Энэ онд АНУ анх удаа видео тоглоомын салбарын орлогоороо Хятадыг гүйцэж, дэлхийд тэргүүлэх болсон юм. Сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид энэ салбарыг бодлогоор хязгаарлах болсон нь үүнд нөлөөлжээ.
Журам гарсны үр дүнд Хятадын онлайн тоглоомын бүх платформуудад үйлчлэх нэгдсэн дүрэмтэй болж байна.
Энэ шийдвэрийг гарахаас өмнө Tencent зэрэг тус улсын тоглоом бүтээгчид өөрсдөө сайн дураар хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авч байжээ.