Нийгэм
Хятад ченжүүдийн хараанд орсон МАХ ба дотоодын хэрэглэгчдээ дорд үзсэн ЭКСПОРТ
Монгол Улс юугаар баян, малаар баян. Одоогоор 80 сая гаруй малтай, нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор лавтайяа тэргүүлэх байх. Бас монгол малын махыг амт чанараараа дэлхийд тэргүүлэх боломжтой гэсэн судалгаа бий. Учир нь эргэх дөрвөн улирал, эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон, ургамлын соргогийг иддэг усны тунгалагийг уудаг гэдгээрээ гадаад зах зээлийн анхаарлыг татах боломжтой. Бэлчээрийн малын мах дэлхийн аль ч оронд илүү өндөр үнэтэй, тансаг хэрэглээнд тооцогддог.
Гэхдээ монголчууд малынхаа тоо толгойг илүү шүтэхээс чанарлаг таваарлаг байдлыг нь төдийлөн ойшоодоггүй. Бас эрүүл бус, байсхийж байгаад халдварт өвчин гардаг гэдгээрээ урагшаа Эрээнээс цааш гараагүй, хойшоо Уралын нурууг давж чадалгүй олон жил болсон. Харин энэ жилээс байдал өөр болж байна.
Урд хөршийнхэн манай малын махыг ихэд сонирхоод эхэлжээ. Хятадын тансаг хэрэглээний зах зээл дээр Монгол малын махны үнэ 20 дахин өссөн гэнэ. Тэндхийн ийм үнэ эндхийн эрэлтийг урьд байгаагүйгээр нэмэгдүүлжээ. Энэ нь эргээд Монголын зах зээл дээр үнийн шуурга дэгдээж, мах ховордох нэг шалтгаан болж байгаа бололтой.
Мах магнаг болсон гэх энэ мэдээллийн мөрөөр Хүчит шонхор махны зах дээр очлоо. Жил бүрийн өдийд энэ зах хүн машин хоёроор хахаж байдаг сан. Харин энэ жил сийрэг сэлүүхэн байна. Жижиг тор сав сугавчилсан хөгшчүүл голдуу цөөн хүмүүс нэгээс нөгөө лангуу дамжин үнэ асууж юуг ч юм амандаа бувтнан алхаж байх нь олонтаа харагдав. Мах хэр үнэтэй байна хэмээн үгэнд дурлавал “Мань мэтийн тэтгэврийхэн энэ жил мах амсахгүй юм шиг байна аа. Адууны чанах мах авъя гээд ирсэн ч олдсонгүй, ганцхан лангуун дээр ястай мах кг нь 6000 төгрөг гээд байж байна. хэмээн ундууцав. Махыг бөөнөөр эсвэл гулууүаар нь авч байгаа хүн харагдсангүй. Өвлийн хүнс гэж өдийд махыг бүтэн гулууз, бөөнөөр нь авдаг монголчууд харин энэ жил хэсэг бусгаар нь хэдэн кг-аар нь авч байгаа нь өндөр үнэтэй байгаагийнх гэнэ.
Худалдан авагчаа хүлээсэн махны худалдагч нар хажуугаар өнгөрөх хүн бүрийг горьдлогын нүдээр харж, мах аваарай хэмээн аргадах нь холгүй арга эвийг нь олох гэж хичээх аж. Монголчуудын махны хэрэглээ ингэтлээ багассан уу гэвэл үгүй, харин худалдан авах чадвар нь буурсан гэвэл үнэнд нийцнэ.
Хүчит шонхор махны зах дээр үхрийн цул мах нэг кг нь 7500 төгрөгөөс дээш гуяны цул гэхэд л 9500 төгрөгийн ханштай байв. Харин ястай мах нь 6500-7000 төгрөгт хэлбэлзэх аж.
Хонины махыг гулуузаар нь авъя гэвэл кг-ыг нь дунджаар 4500-5000 төгрөгт хэлбэлзэнэ. Ямааны мах бол бүр нүдний гэм. Захын хойно задгай машин дээр овоолтол ачсан ямааны махны үнийг асуувал “зарахгүй ээ” гэж байна. Бодвол хятадууд бөөндөөд авчихсан мах биз.
Тус захын махны худалдагч эмэгтэй нэрээ хэлэхийг хүсээгүй ч бодит байдлын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсангүй. Хүчит шонхор худалдааны зах дээр энэ жил мах ховор орж ирж байгаа, ирснийг нь Хятадууд монгол ченжүүдээс түрүүлээд өндөр үнээр авчихдаг болохоор ховор, үнэ өндөр байгаа гэв. Түүнтэй товч ярилцав.
-Мах яагаад ингэж ховордов?
-Мах ховор живэр байгаа бишээ. Гагцхүү Эмээлт болон Налайх гэхчлэн хөдөөнөөс мал, мах орж ирдэг зам дээр хятадууд тосоод авчихаж байгаа болохоор ховордоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Хятадууд малыг амьдын жингээр нь авч байгаа болохоор малчид тийш нь өгөхийг илүүд үзэж байна.
-Тэгэхээр хятадууд замаас нь тосоод авчихаж байна гэлээ. Гэсэн хэрнээ эндээс бас мах худалдаж аваад байна гэж ярьж байгаа хүнтэй таарлаа…
-Тийм. Манай Хүчит шонхор зах дээр 40 тн-ын гурван чингэлэг тавьсан байгаа. Өглөө орж ирсэн махыг тэд нар илүү үнээр худалдаж авч эндээ хийж ачуулдаг болохоор угаас хомсхон байгаа мах улам л ховордож байна гэсэн үг. Гол нь үнэ цохиод авчихаж байгаа болохоор монгол ченжүүд тийм үнээр авч чадахгүй шүү дээ.
-Хятадууд бүхий л төрлийн малын мах авч байна уу?
-Тэмээнээс бусад бүх малын махыг авч байгаа. Ялангуяа адуу. ямаа, үхрийн махыг түлхүү авдаг. Гэхдээ сайн муу, туранхай тарган гээд шилж ширвээд байх нь гайгүй юм шиг байна. Үхрийн шулааны мах гэж бидний нэрлэдэг туранхай хөгшин махыг ч гэсэн ихээр авдаг.
-Жижиглэнгийн лангуунуудаас ч бас мах авдаг гэв үү?
-Малын булчин мах, хүзүүний махыг түүж авдаг. Монголчууд бол булчин мах нэг их тоодоггүй болохоор бид ч авъя гэвэл өгдөг. Бас үхрийн гуя их авдаг. Энэ янзаараа байвал монголчууд малынхаа гуяны махыг олж идэхэд хуцүүхэн л болох байх.
-Булчин махыг ямар үнээр авч байх юм?
-Булчин болон хүзүүний махыг нэг кг-ыг нь 7000 төгрөгөөр авдаг.
-Энэ жил махны үнэ буух шинж байна уу?
-Махны үнэ буудаг цаг хугацаа нь одоо үндсэндээ дуусч байна ш дээ. Тэгэхээр энэ үнээс бууна гэдэг эргэлзээтэй. Байдал ийм байхад худалдан авагч нар ямар өндөр үнээр зардаг юм гэж биднийг загнадаг. Гэтэл бид нар нэг кг махан дээр сайндаа 100-200 төгрөг нэмж зардаг. Тав арван төгрөгийн ашиг гаргахаасаа илүүтэй лангууныхаа түрээсийг төлөхөд хэцүүхэн болоод байна.
…Махны худалдагч бидний хооронд ийм яриа өрнөв. Мах Монголын экспортын нэг гарц болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ учир бас байна. Ийм янзаар махны үнийг хөөрөгдөж, олдоцыг ховордуулах замаар экспортыг дэмжиж болохгүй байх. ХХААХҮ-ийн яамны мэдээлж байгаагаар энэ жил 15 сая гаруй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэжээ. Үүний 10 орчим саяг нь экспортод, харин үлдсэн 5 сая гаруйг дотоодын хэрэгцээндээ зориулахаар төлөвлөжээ. Гэвч дайны хажуугаар дажин гэдэг шиг энэ жил арилжаа наймаа хийдэг бүхэн урд хөрш рүү мах нийлүүлэх аянд морджээ. Захын худалдаачдын хэлж байгаагаар нэг компанийн зөвшөөрөл дор хэд хэдэн хувь бизнес болон аж ахуйн нэгжүүд мах нийлүүлж байгаа гэв.
Түүнчлэн хил залгаа аймгуудын малчид нь хүртэл бэлдсэн махаа ачаад хилийн зүг давхидаг, яаж ийж байгаад зарж борлуулчихаад ирж байна хэмээн зарим эх сурвалж орон нутгаас мэдээлж байгаа юм.
Махны экспортын сургаар аймаг бүрд, зарим аймагт бүр 2-3-аараа мах боловсруулах үйлдвэр баригдаад байгаа ажээ. Гэхдээ одоо махаа түүхий шүүрхийгээр нь биш эцсийн бүтээгдэхүүн болгож өртөг шингээгээд зарж борлуулбал орж ирэх ногоон мөнгөний тоо нэмэгдэнэ. Ингэж гэмээнэ эдийн засагт ихээхэн дэм болно.
Ямартай ч энэ жилийн дүр зургаас харвал махны экспортод төрийн тодорхой зохицуулалт, тухайлбал хэрэглээ өндөртэй дотоодын хэрэгчлэгчдийнхээ эрх ашгийг түрүүлж тооцох ёстойг сануулж байна.
Г.Хантулга
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.