Дэлхий дахинд
Есөн насандаа их сургууль төгссөн Бельги хүү
Бельги улсын гоц авьяастан хүү есөн насандаа их сургууль төгсөхөөр болжээ.
Лорен Симонс хүү одоо Эйндховены Технологийн их сургуульд цахилгааны инженерийн мэргэжлээр сурдаг бөгөөд ирэх сард бакалаврын хөтөлбөрөө дуусгах юм байна.
Дараа нь тэр мастерын хөтөлбөрт хамрагдахын хажуугаар анагаах ухааны мэргэжил эзэмших сургалтаа үргэлжлүүлэх гэнэ.
Өвөө, эмээ нар нь Лореныг бурхнаас өгсөн бэлэг гэж магтахад эцэг, эх нь хэтрүүлж байна гэж боддог байжээ. Харин сүүлд багш нараас нь хүүгийнхээ гоц авьяасын талаар сонсоод итгэх болсон байна.
Лорены эцэг эх нь жирийн эмч хүмүүс бөгөөд яагаад ийм онцгой хүүхэдтэй болсноо тайлбарлаж чадахгүй байгаа ажээ. Ээж Лидиа нь хөл хүнд байхдаа загас их иддэг байсан гэхээс өөр шалтгаан хэлж чадахгүй байна.
Хүүд бакалаврын хөтөлбөрт түргэвчилсэн аргаар суралцах боломж олгосон Эйндховены Технологийн их сургуулийн захирал Сёрд Хулшоф “Лорен бол миний амьдралдаа харсан хамгийн хурдан сурдаг хүүхэд. Тэр гоц ухаантай төдийгүй маш сайхан сэтгэлтэй хүү юм” гэж магтжээ.
Лорены онцгой чадвар дэлхийн томоохон их сургуулиудын анхаарлыг татаж, тэдгээрээс урилга хүлээн авах болсон байна. Гэхдээ эцэг, эх нь хүүгээ хэт их шахалгүй, өөрийнх нь дур зоргоор байлгах хүсэлтэй гэжээ.
“Бид түүнийг хэт шахах бодолгүй байна. Хүү маань өөрийн хүссэнийг л хийг. Хүүхэд нас, авьяас чадвар хоёрынх нь тэнцвэрийг олох хэрэгтэй” гэж Лорены аав Александер ярьж байна.
Хичээлээс бусад үед Лорен жирийн хүүхдүүдийн нэгэн адил нохойтойгоо зугаацаж, гар утсаар тоглодог гэнэ.
Гэхдээ бусад есөн настнуудаас ялгаатай нь тэр хүний эд эрхтнийг хиймлээр бий болгох судалгаанд бүх авьяас чадвараа зориулахаар шийдсэн байна.
Бакалаврын хөтөлбөрөө дуусгасны дараа Лорен суралцах үйл явцаа түр завсарлаж, Японд амрахаар төлөвлөжээ.