Дэлхий дахинд
Д.Медведевийн Засгийн газар огцорлоо
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтээ өнөөдөр гаргажээ.
Ерөнхийлөгч Путин өнөөдөр илтгэл тавих үеэрээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан билээ. Түүнийг сайд нарын танхимтай уулзах үеэр Медведев дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“Бид ОХУ-ын Ерөнхийлөгчийн илгээлтийг сонслоо. Владимир Владимирович ирэх он жилүүдэд манай улсад хийгдэх чухал ажлын зорилтуудыг онцолсноос гадна Үндсэн хуульд үндсээр нь өөрчлөлт оруулах хэд хэдэн заалтуудыг мөн тэмдэглэн хэллээ” хэмээгээд Медведев эрх мэдлээ Ерөнхийлөгчид шилжүүлэх нь зөв гэж үзсэн тухай мэдэгджээ.
“Засгийн газар Ерөнхийлөгчид шийдвэр гаргахад шаардлагатай бүх боломжийг олгох ёстой. Иймд Үндсэн хуулийн 117 дугаар заалтын дагуу ОХУ-ын сайд нарын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох өргөдлөө өгч байна” хэмээн Д.Медведев мэдэгдсэн байна.
Одоогийн сайд нарын танхим шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.
Дмитрий Медведев 2012 оны тавдугаар сарын 8-ны өдрөөс хойш долоон жил найман сар /2808 хоног/ Засгийн газрын тэргүүнээр ажиллажээ.
Одоогийн засгийн газрыг 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь 22 яам багтдаг байна.