Дэлхий дахинд
Коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний тохиолдол 62 бүртгэгджээ
Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай төстэй өвчний тохиолдол нэмэгдэж 62-т хүрсэн талаар тус хотын Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлжээ. Уушгины хатгалгаатай төстэй өвчин анх бүртгэгдсэн Ухань хотын Эрүүл мэндийн газрын мэдэгдэлд дурдсанаар, уг халдварын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүний тоо 62 болж өссөн байна. Одоогоор халдвар авсан хүмүүсээс хоёр нь нас барж, найман хүний биеийн байдал хүндхэн байгаа бол 19 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан байна. Үүний зэрэгцээ Шэньжэнь болон Шанхайд сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Хэрэв эдгээр нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн нь тогтоогдвол Хятадад Уханиас өөр хотод бүртгэгдсэн анхны тохиолдол болох юм.
Мөн Ухань хотоос Тайландад очсон хоёр жуулчнаас, Японд ажилладаг хятад иргэнээс коронавирусийн халдвар илрээд буй. Уг вирус ямар замаар дамждаг, голомт нь юу болох нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Хятадад анх илэрсэн шинэ коронавирусийн талаар судалж, тодруулах зүйл олон байна. Халдвар нь хэрхэн дамждаг, өвчний эмнэлзүйн шинж чанар болон тархалтын цар хүрээ ямар байх талаар дүгнэлт хийх хангалттай мэдээлэл алга. Мөн халдварын голомт одоог хүртэл тодорхойгүй байна” гэдгийг онцлоод байгаа. Гэхдээ эх үүсвэр нь тодорхойгүй вирусээр өвчлөгсдийн тоо Хятадын албаныхны тооцоолж байгаагаас хавьгүй өндөр байх магадлалтайг шинжээчид анхааруулж байна. Тухайлбал, Их Британийн Лондон хотын Эзэн хааны коллежийн Олон улсын халдварт өвчин судлал, шинжилгээний төвөөс явуулсан судалгаагаар Ухань хотод хамгийн анх бүртгэгдсэн тус вирусийн халдвар тээгчийн тоо 1723 орчим болсон байх магадлалтай аж. Тус коллежийн Халдварт өвчний тархалт судлаач Нил Фергюсон “Хятадаас гадна Өмнөд Солонгос, Япон, Тайландад короновирусийн тохиолдол бүртгэгдээд байгаа нь дэлхий нийтийг улам сэрэмжлэхэд хүргэж байна” гэдгийг онцолжээ. Дэлхийн улс орнууд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох арга хэмжээ авч эхлээд байна. Тодруулбал, Сингапур болон Хонконгийн олон улсын онгоцны буудал Хятадаас ирж буй зорчигчдыг эрүүл мэндийн үзлэг, шалгалтад оруулж эхэлсэн бол Америкийн Сан Франциско, Лос Анжелес болон Нью-Йорк хотод мөн л ижил арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Түүнчлэн Ухань хотоос шууд болон дамжин нислэгээр ирж буй хүмүүсийг илүү анхааран шалгахаар төлөвлөж байгаа юм байна. Нисэх буудлын ажилтнууд аялагчдаас эрүүл мэндийн байдлыг лавлаж, уг вирусээр халдварласан тохиолдолд илэрдэг шинж тэмдгүүдийг хянах гэнэ. Ухань хотын олон улсын онгоцны буудал өдөрт 19 сая хүнд үйлчилдгийн 3400 орчим нь олон улсын нислэгээр зорчигч байдаг гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү нууцлаг вирусийг коронавирус гэж баталсан. Коронавирус нь дотроо олон төрөл байдаг ч зургаан төрөл нь хүнд халдварладаг болох нь тогтоогдсон. Харин шинэ төрөл илэрснээр хүнд халдварлагч коронавирусын тоо долоо болж байна. 2002 оноос Хятад Улсад тархаж, 8000 гаруй хүнд халдварлаж, 700 гаруй хүний амийг авч одсон SARS нь нэгэн төрлийн коронавирус юм.
Эх сурвалж: https://edition.cnn.com