Дэлхий дахинд
Дональд Трамп АНУ-ыг үргэлжлүүлэн удирдахаар боллоо
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх /импичмент/ асуудал Сенатын танхимаар хоёр долоо хоногийн турш хэлэлцэгдэн эцсийн байдлаар шийдвэрлэгдлээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж өрсөлдөгчөө зайлуулахыг оролдсон, Конгрессийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх хоёр үндэслэлээр буруутгасан юм.
Эхний үндэслэл дээр тэр Сенатын танхимд 52-48 гэсэн харьцаатайгаар ялсан бол хоёр дахь үндэслэл дээр 53-47 гэсэн тооны харьцаагаар мөн ялсан байна.
Дональд Трамп импичмент албан ёсоор дуусч, түүнийг цагаатгах шийдвэр гарсны дараагаар твиттер хуудаснаа “Энэ бол америкчуудын ялалт байлаа” хэмээн цохон тэмдэглээд өнөөдөр 12.00 цагаас албан ёсоор мэдэгдэл хийнэ хэмээн жиргэжээ.
Юта мужаас сонгогдсон Митт Ромни бол эрх мэдлээ урвуулан ашигласан анхны хэрэгт ноён Трампыг яллахаар санал Бүгд найрамдах намын цорын ганц сенатор байв. Сүүлийн үед Бүгд Найрамдах намын сенаторууд Трампыг эрх мэдлээ урвуулан ашиглаж байна хэмээн шүүмжилж байсан боловч энэ нь импичментийн түвшинд хүрээгүй гэж үзжээ.
Ийнхүү Сенатын танхимын олонхийн саналаар түүнийг албан тушаалд нь хэвээр үлдээж, цагаатгах шийдвэр гаргаж, Дональд Трамп импичментийн дараа дахин сонгуульд өрсөлдөх анхны Ерөнхийлөгч болж байгаа юм. Тэрбээр гэм буруугаа дэнслүүлсэн АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон бөгөөд өмнө нь 1999 онд Билл Клинтон, 1868 онд Эндрью Жонсон нар гэм буруугаа дэнслүүлж байсан ч аль аль нь дахин нэр дэвшээгүй билээ.
Дональд Трампыг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийд шахалт үзүүлж, өөрийн гол өрсөлдөгч Жо Байденийг тагнуулах даалгавар өгсөн хэмээн буруутгаж, сөрөг хүчин Ардчилсан намын зүгээс импичментийг эхлүүлсэн юм. Ерөнхийлөгч Трампыг огцруулахын тулд Сенатын танхимын гуравны хоёрын санал хэрэгтэй байсан ба хэрэв тэр гэм буруутай нь тогтоогдвол дэд Ерөнхийлөгч Майк Пенсэд албан тушаалаа хүлээлгэж өгөх байсан.
Дональд Трамп цагаатгагдсан нь тэр Бүгд Найрамдахчуудын дунд нэр хүндтэй байгаагийн нэг илрэл юм. Энэ долоо хоногт явуулсан санал асуулгаар Бүгд Найрамдахчуудын 94 хувь нь ноён Трампыг албан тушаалд нь хэвээр үлдээхийг дэмжсэн байна.
Түүнчлэн тус намын гишүүдийн 89% нь Трампын ажлыг сайшаажээ. Энэ нь түүнийг өөрийн намын гишүүдийн дунд бүх цаг үеийн хамгийн алдартай Ерөнхийлөгч болгосон юм. Гэхдээ Бүгд Найрамдахчууд түүнд үргэлж сайн хандаж байгаагүй. Дөрвөн жилийн өмнө түүнийг намаас нь нэр дэвшихээр болоход хэд хэдэн гишүүн эсэргүүцэн босч байсан. Тухайлбал, Аляска мужийн сенатч Лиза Мурковки “Хэрэв бид Трампыг нэр дэвшүүлбэл сүйрнэ” гэж хэлж байв.
Харин сөрөг хүчний удирдагч, импичментийг эхлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн Төлөөлөгчдийн танхимын дарга хатагтай Нанси Пелоси шүүх ажиллагаа бүхэлдээ буруу байлаа хэмээн буруутгаад “Сенатуудыг хуулийг сахин биелүүлэх үүргээ бүдүүлгээр зөрчин, Америкийн ард түмний үзэл бодлыг үл тоомсорлолоо. Одоо Ерөнхийлөгч өөрийгөө цагаатгагдсанд мэдээж сайрхах болно. Бүгд Найрамдахчууд бүгд Дональд Трампын далбаан доор байна” гэж хатуу шүүмжилжээ.
Тэрбээр өчигдөр /2020.02.05/ болсон Ерөнхийлөгчийн жил бүрийн тайлан илтгэлийн үеэр олны нүдэн дээр Дональд Трампын гаргасан мэдэгдлийг урж шуугиан тарьсан билээ. Учир нь тэр илтгэлийн өмнө Дональд Трамптай гар барихаар гараа сунгасан ч Трамп гар барилгүй түүнийг үл ойшоосон юм.