Дэлхий дахинд
VR ашиглан нэгэн ээжийг нас барсан охинтой нь уулзуулжээ
Өмнөд Солонгосын MBC телевиз VR технологи ашиглан Жи Сун гэх эмэгтэйг өвчний улмаас тэнгэрт хальсан долоон настай Наеон охинтой нь уулзуулжээ.
Наеон охины биеийн байдал муудаж эмнэлэгт хэвтсэнээсээ нэг сарын дараа нас барсан ба энэ нь түүний гэр бүлд хүнд цохилт болж, уй гашуу нөмөрчээ.
Технологийн дэвшлийг ашиглан Наеон охины амьдралын хамгийн сайхан мөчийг бодит мэтээр бүтээж түүний ээж Жи Суныг виртуал дүрслэлд оруулах VR шил зүүлгэжээ. Ингээд Жи Сун охинтойгоо урьд нь очиж байсан тоглоомын талбайд уулзаж, гар гараасаа барин, ярилцана.
Хэдий хиймэл дүрслэл бүхий орчинд охиныг нь бүтээн харуулж байгааг мэдэж буй хэдий ч Жи Сун бүсгүй уйлсаар л, гар нь чичирч, хайр нь урсаж байгааг хажуугаас нь харсан хүн бүр мэдэж болохоор сэтгэл уярам мөч байв. Ээж, охин хоёрыг эргэн уулзуулж буй энэхүү “Meet you” нэртэй баримтат бичлэгт охин “аавыгаа тамхинаас гараарай” хэмээн захижээ.
Охинтойгоо салах ёс хийн, сэтгэлээ дэвтээсэн ээж “Магадгүй энэ жинхэнэ диваажин байсан байх” хэмээсэн аж.
Талийгаачийн гэр бүлийнхэн сар болгон түүний шарил дээр дуртай тоглоомыг нь авч очдог байна.
Энэхүү VR технологийг Өмнөд Солонгос Улсын стартап Vive студи хийж гүйцэтгэсэн ажээ. Охины нүүрний хувирал, хөдөлгөөн зэргийг түүний зураг, бичлэгт үндэслэн бүтээсэн бөгөөд үүнд найман сарын хугацаа зарцуулсан байна.
Эх сурвалж: roadtovr.com, ajudaily.com