Дэлхий дахинд
“Diamond Princess” хөлөгт коронавирусийн халдвар авсан хүний тоо 70 болжээ
Японы Канагава мужийн Ёкохама хотын боомтод саатуулагдаад байгаа аяллын хөлөг онгоц дээрх 6 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь өчигдөр тогтоогдлоо. Ингэснээр тус хөлөгт нийт халдвар авсан хүний тоо 70 болж нэмэгджээ.
“Diamond Princess” нэртэй хөлөгт нийт 56 улсын 3700 хүн байгаагаас 2700 нь зорчигч, 1000 нь хөлгийн багийн гишүүд юм. Хөлгийг доод тал нь хоёр долоо хоног буюу хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болоод буй.
Шинэ халдвар тээгчдийн 1 нь зорчигч бол нөгөө 5 нь хөлгийн багийн гишүүд гэж Японы эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.
Коронавирусийн халдвар илэрсэн 6 хүн:
- Хонконгод амьдардаг 70 орчим настай Америк эмэгтэй ( Зорчигч )
- 20 орчим настай Украиний иргэн
- 40 орчим настай Филиппиний 3 иргэн
- 20 орчим настай Филиппиний иргэн
Тэднийг хөлгөөс буулган эмнэлэгт хүргэсэн бөгөөд ноцтой шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй гэнэ. Хөл хорионд байгаа хүмүүсийн зарим нь хөвдөг шорон шиг байна хэмээн гомдоллож байгаа аж. Учир нь тэднийг өрөөнөөсөө ч гарахыг хоригложээ.
Хонконгийн 80 настай оршин суугч энэхүү хөлгөөр зорчиж, Хонконгт буусны дараа түүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан уг онгоцыг Японд ирэхэд нь хөл хорионд оруулж, зорчигчдыг хоёрдугаар сарын 3-наас шинжилгээнд хамруулж эхэлсэн юм.
Эх сурвалж: NHK