Дэлхий дахинд
ДЭМБ-ын даргыг огцрохыг шаардаж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) ерөнхий дарга Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардсан баримт бичигт 350 мянган хүн гарын үсэг зуржээ. Хятадад гарч, дэлхийн 25 оронд тархсан коронавирусийн халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадаагүй хэмээн түүнийг огцрохыг шаардаж байна.
ДЭМБ-ын даргыг огцрохыг шаардсан өргөдөл анх нэгдүгээр сарын 31-нд тавигдсан ч анхандаа төдийлөн олон хүнд хүрээгүй байжээ. Гэхдээ коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 1011-д хүрч, 42 мянга гаруй хүн халдварласнаар Тедрос Аданом Гебреисусыг огцрохыг шаардах хүмүүс огцом нэмэгдсэн байна.
Одоо болтол коронавирусийн халдвар хэзээ, хэрхэн амьтнаас хүнд халдаж, анхны хүн яаж халдварласан нь маргаантай байна. Уханьд коронавирусийн халдвар гарсныг Хятадын засгийн газраас өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлд зарласан байхад ДЭМБ-ын дарга онц байдал зарлалгүй өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нийг хүртэл эргэлзсэн юм. Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд албаныхан Хятадад гарсан уушгины үрэвсэл үүсгэгч халдвараас сэргийлэхийн тулд олон улсад эрүүл мэндийн онц байдал зарлахыг шаардсан боловч Тедрос Аданом Гебреисус татгалзсан аж. Тухайн үед хэдийн халдвар авсан хүний тоо 10 дахин нэмэгдээд байжээ.
ДЭМБ-аас энэ долоо хоногт Хятад руу олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн багийг илгээхээ Тедрос Аданом Гебреисус мэдэгдсэн юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцаж, тохиролцсоноор олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг багийг илгээхээр болжээ.
Коронавирусийн халдварын талаар хамгийн түрүүнд олон нийтэд анхааруулахыг оролдсон Ухань хотын төв эмнэлгийн 34 настай Ли эмч уг өвчнөөр нас барснаар Ши Жиньпиний Хятадын засгийн газрын эсрэг олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл гарах болсон билээ. Ялангуяа иргэд коронавирусийн халдварын бодит нөхцөл байдлыг Хятадын засгийн газар нуун дарагдуулж, иргэдийн үг хэлэх эрхийг хааж байгааг шүүмжилж байна.
Эх сурвалж: The Korea Times