Дэлхий дахинд
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадын Хубэй мужид коронавирусийн 4,823 халдвар шинээр бүртгэгдлээ
Шинэ төрлийн коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужийн эрх баригчид өнөөдөр өглөө сүүлийн 24 цагийн тоо баримтыг танилцуулжээ.
Сүүлийн нэг хоногт тус мужид халдварын 4,823 шинэ тохиолдол бүртгэгдэж, 116 хүн нас барсан байна. Өчигдрөөс эхлэн Хубэй мужийн эрүүлийг хамгаалах албаныхан шинэ аргаар өвчлөлийн тоог гаргаж эхэлсэн юм.
Өмнө нь зөвхөн коронавирусийн оношлуурын үр дүнг зарлаж байсан бол одоо оношлуураас бусад аргаар буюу эмнэлзүйн оношоор илрүүлсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болоод байгаа. Шинэ аргыг нэвтрүүлсний дараахан Бээжингийн эрх баригчид Хубэй мужийн коммунист намын хорооны удирдагчдыг албан тушаалаас нь огцруулсан юм.
Хубэй мужаас илэрсэн шинэ халдварын 3,900 гаруй нь тус мужийн төв Ухань хотоос илэрсэн байна. Хүн нас барсан 116 тохиолдлын 88 нь мөн тус хотод харъяалагдаж байгаа юм.
Өнөөдрийн тоог нийлүүлбэл шинэ коронавирусийн халдвартай хүний тоо дэлхий дахинд 65,209, нас барсан хүний тоо 1,486 хүрээд байна.
Үүнээс гадна 5,954 хүн халдвар авсныхаа дараа эдгэрсэн гэж бүртгэгджээ.
Эх сурвалж: South China Morning Post