Дэлхий дахинд
Тулгууртай харайлтын шинэ од Арманд Дуплантис
Украйн Улсын домогт тамирчин Сергей Бубка 1984-1994 оны хооронд тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг эзэмшихдээ 14 удаа шинэчлэн тогтоож байжээ.
Ингэхдээ сүүлийн 10 тохиолдолд 1 см-ээр ахиулсан байна. Бубкагийн 6.14м-н дээд амжилтыг тэр цагаас 21 жилийн дараа буюу 2015 онд Францын алдарт тамирчин Рено Лавеллинье 6.16м болгон ахиулж байсан юм.
Шведийн тамирчин Арманд Дуплантис үүнээс зургаан жилийн дараа долоон хоногийн дотор хоёр удаа шинэ дээд амжилт бүртгүүлсэн юм.
Тодруулбал 6.17м – 2020.02.08, 6.18м – 2020.02.15.
Арманд Дуплантис АНУ-ын Луизианад төрсөн ч ээж нь Швед учраас тус улсын иргэн болжээ. Түүний аав Грег Дуплантис 1996 онд АНУ-ын Атлантагийн зуны олимпын наадмын тулгууртай харайлтын тэмцээнд тавдугаар байр эзэлж байжээ.
Арманд гурван настайгаасаа өөрийн ах Андреасын хамт тулгууртай харайлтын спортоор хичээллэсэн. Улмаар долоон настайгаасаа өөрийн насны ангиллын дээд амжилтуудыг шинэчлээд эхэлжээ.
Тухайлбал 2015 оны тавдугаар сараас хойш нас насны ангиллын дээд амжилтыг 13 удаа шинэчилжээ.
Тэрбээр 2018 онд ахлах сургуулиа дүүргэж, өнгөрсөн жилээс мэргэжлийн ангилалд өрсөлдөж эхэлсэн юм.
Дуплантис багаасаа АНУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга, 2016 оны олимпын мөнгөн медальт Сэм Кэндриксээс үлгэр дууриал авдаг байв. Тэгтэл 2019 оны ДАШТ-д өөрөөсөө долоон насаар ах Сэмтэй эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж, адил 5.97м харайсан ч оролдлогын илүүгээр мөнгөн медаль хүртсэн билээ.
Мөн 2018 онд Европын аварга, дэлхийн залуучуудын аварга болсон юм.
Арманд Дуплантис “Токио-2020” олимпын наадамд түрүүлсэн нөхцөлд 1932 оноос хойшхи тулгууртай харайлтын спортын хамгийн залуу олимпын аварга болох юм.