Нийгэм
Ж.Энхбат: Авто тээвэр хамгийн гол салбар атлаа Төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ одоо хүртэл батлаагүй
Ардчилсан нам улс орны хөгжлийн 16 чиглэлд тус бүр нэг бодлогын зөвлөл байгуулан ажиллаад удаагүй байна. Ирэх жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогыг баримт, судалгаанд үндэслэн тодорхойлох зорилготой энэхүү бүтцийг намын шинэчлэлийн хүрээнд хийж буй томоохон алхам гэж АН-ынхан үзэж буй. Бодлогын зөвлөлүүд одоогоор иргэд болон намын гишүүдээ сонсох аяныг өрнүүлээд байна. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгийн ахлах ажилтан, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Энхбаттай уулзаж, энэ салбарт хийж хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, шийдвэрүүдийн талаар сонирхлоо. Тэрээр авто тээврийн салбарт багагүй хугацаанд ажиллаж буй АН-ын залуу боловсон хүчин.
-АН-ын Бодлогын зөвлөлүүд Засгийн газрын 2020, цаашлаад 2028 он хүртэлх Мөрийн хөтөлбөрийн чиг баримжаанд анализ хийж буй нь сонирхол татаж байна. Таны хариуцдаг авто тээврийн чиглэлд ямар өөрчлөлтүүд шаардлагатай байна вэ?
-Авто тээврийн салбарт 2020, 2024 онд Засгийн газар ямар хөтөлбөр боловсруулах юм, ямар хууль тогтоомж, ямар стандартад өөрчлөлт оруулах юм гэх мэт асуудлуудад манай бодлогын зөвлөл ажиллаж байна. Авто тээвэр хамгийн гол салбар атлаа Төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ одоо хүртэл батлаагүй. Одоо мөрдөж байгаа хууль, дүрэм нь өнөөдрийн ашиглаж буй техник, технологитойгоо таарахгүй, хэтэрхий хуучирчихсан. Яагаад стандартыг шинээр боловсруулахгүй, иргэддээ хүрсэн тогтоол, шийдвэрүүд нь гарахгүй байгаа юм гэдэг асуудал байна. Бодлогын зөвлөлөөс авто тээврийн салбарт хийх гол концепц нь стандартууд болон хууль тогтоомжоо өөрчлөх. Төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг яаралтай батлуулах. Өнөөдөр нэг инээдтэй гэж хэлж болохоор зүйл байгаа. Машиныг “Зориулалтыг өөрчилсөн” гээд техникийн хяналтын үзлэгт оруулдаггүй. Техникийн хяналтын үзлэгт орохгүй болохоор улсын дугаар олгодоггүй. Хөдөө орон нутагт иргэд аж ахуйдаа тааруулаад машиндаа бүхээг нэмэхэд л “зориулалт өөрчилсөн” болчихдог. Түүнчлэн автомашины дугаарын стандартын асуудал байна. Олон улсын жишигт нийцүүлж дугаарын стандартыг солих нь зөв. Гэхдээ энэ ойрын хэдэн жилдээ мөрдөх стандарт бол биш. Өнөөдөр давхардсан тоогоор зөвхөн 5000 машин л хил хооронд жуулчин тээвэр, аялал жуулчлалын зорилгоор гардаг. Гэтэл нийт 900 мянган машины дугаарыг нийтээр солино гэдэг байж болохгүй асуудал. Энэ зарчмын бодлогын баримт бичиг дээр бид онцгойлон сууж ажиллаж байна. Хоёрдугаарт, Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын мөрийн хөтөлбөрт “Аз жаргалтай хотын иргэнийг бий болгоно” гэчихсэн байгаа. Нийслэлийн 1.3 иргэн үнэхээр аз жаргалтай амьдарч байна уу үгүй юу гэдэг дээр бас иргэдээсээ санал авсан. Ингээд иргэдийнхээ саналыг эрэмбэлж өгнө.
-Хотын даргын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна. Сөрөг хүчний зүгээс энэ дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн. Өнөөдөр хотын Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Засаг даргын харьяа байгууллагуудын үйл ажиллагааг би маш хангалтгүй гэж дүгнэнэ. Иргэнийхээ хувьд ингэж дүгнэнэ. Яагаад гэхээр тэд иргэдийн саналыг авахын тулд маш олон сайхан зүйл амласан. Аз жаргалтай хотыг бий болгоно гэсэн. Гэтэл хэнийг аз жаргалтай хотын иргэн гэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, бухимдалгүй байх ёстой. Эрүүл орчинд амьдардаг, нийгмийн асуудлыг нь хангалттай шийдсэн, хууль засаглал нь эрх тэгш, иргэндээ ээлтэй шийдвэр гарсан, цаашлаад хотын дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн бол аз жаргалтай хотын иргэн гэж үзэж байгаа юм. Өнөөдөр юу ч хийсэнгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хаачив. 2012-2016 онд нийт 87 мянган иргэн орон сууцанд орсон. 2016-2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бүрэн зогссон. Хоёрдугаарт дэд бүтцийн ажил зогссон. Яагаад гэхээр гэр хороололд амьдарч байгаа айл болгоныг инженерийн шугамд холбоно гэж амлаж гарсан. Өнөөдөр гэр хорооллын хаана ч ямар нэгэн инженерийн шугамтай болсонгүй.
-Хотын даргыг огцруулах гэж байна. Ерөнхий сайд түүнийг Улаанбаатар хотын утааг бууруулахад арга хэмжээ аваагүй гэж байгаа. Энэ өөрөө Улаанбаатар хотын биш, Засгийн газрын хийх ажил биш гэж үү?
-Ерөнхий сайдын тавьсан үндэслэл зөв. Яагаад гэхээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил, газар чөлөөлөлт, айл болгоны амины хашаа, инженерийн дэд бүтэц, цахилгааны шугам сүлжээнд нэг ч холбоогүй. Өнөөдөр хотын удирдлага бол хотын харьяа бүх байгууллагын бүх төсөл, хөтөлбөрийг эрэмбэлж байх ёстой. Хотод нэг дугаарт, хоёр дугаар нь юу тулгараад байгаа юм гэж. Улаанбаатар хотын нэг дугаарын бэрхшээл бол агаарын бохирдол. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгая гэвэл гэр хорооллын айл болгоныг амины орон сууцаар бүрэн хангах хэрэгтэй. Хоёрдугаарт нь орон сууцжуулах хөтөлбөрийг явуулах ёстой. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Улаанбаатар хотыг дахин төлөвлөх ёстой. Дахин төлөвлөхгүйгээр бусад асуудлаа шийдэх боломжгүй л дээ.
-Нийслэлийн Засаг дарга С.Батболд ажлаа өгөхөөр өргөдөл гаргасан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийслэлийн Засаг даргыг зөвхөн НИТХ-ын 45 төлөөлөгч томилдог, огцруулдаг энэ зарчим буруу. Бид улс орноо хөгжүүлье л гэж байгаа бол үүнийгээ болих хэрэгтэй. Яагаад хотын даргыг нийслэлийнхээ иргэдээс санал аваад сонгож бодохгүй гэж. Зүгээр 45 төлөөлөгч гэвэл хэн нэгний фракцаас сонголтыг хийдгээс болоод өнөөдөр хотын хөгжил явахгүй байгаа юм. Гарсан хүн нь эргээд тэр фракцийнхаа эрх ашгийг л хамгаалахын төлөө ажиллаж таарна. Тэгэхээр өнөөдөр нийслэлийн иргэндээ хүрсэн шийдвэр гарахгүй л дээ.
-Та авто замын түгжрэлийг арилгах талаар тодорхой санаачилгуудыг илэрхийлдэг шүү дээ?
-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх ёстой. Өнөөдөр нийтийн тээврийн компани гэхээрээ нэг хувийн хэвшилд татаас эсвэл нөхөн олговор ярьдаг, эсвэл бензингүй гээд зогсчихдог. Ийм байж болохгүй. Нэгдүгээрт, нийтийн тээврийн асуудлыг төр 100 хувь хариуцах ёстой. Хувийн хэвшил гэхээсээ илүү төр 100 хувь хариуцаж нийтийн тээврийн бүрэн шинэчлэлийг хийх ёстой. Иргэд яагаад нийтийн тээврээр зорчихгүй байна гэхээр, өвлийн цагт хүйтэн, ая тухгүй, бохир, жолооч нь дадлага туршлагагүй. Техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй. Хоёрдугаарт, цагийн зохицуулалт нь буруу. Иргэдийг ажилдаа ирэх, явах цагт нь нийтийн тээвэр нь явдаггүй. Ажлаа тараад гэртээ ирэх гэхээр нийтийн тээврийн цаг нь таардаггүй. Гуравдугаарт, нийтийн тээврийн автобусууд давхцал ихтэй, зохион байгуулалтгүй. Инженер хүний хувиар харахад нийтийн тээврийн автобусыг Энх тайвны өргөн чөлөө бага тойргийн өргөн чөлөө гээд манайх үндсэндээ хоёр л том гол замтай. Тэр хоёр замаар хотын төрийн өмчит автобус баазууд өглөө 06:00-24:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх нь зөв. Яагаад гэхээр хотын автобус зорчигчдоос мөнгө аваад, ажилчдадаа улсаас цалин аваад, парк шинэчлэлт хийхээрээ дахиад л улсаас мөнгө авдаг. Тэгсэн хэрнээ өртэй гээд яваад байдаг. Тэгвэл болих хэрэгтэй шүү дээ. 80 тэрбум төгрөгийн татаас авч байгаа нийтийн тээврийн автобусанд иргэд үнэгүй явах ёстой. Харин улс нь тэдэнд шаардлага тавина. Нийтийн тээвэрт бид зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй. Ямар шинэчлэл вэ гэхээр, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойргийн өргөн чөлөө дээр шулуун замын зохицуулалтыг цагийн хуваарьтайгаар хийх хэрэгтэй. Ингээд нийтийн тээврийн ашиглалтын суудал дүүргэлтийг зохицуулахын тулд төрийн байгууллагын албан хаагчид болон хувийн хэвшлийн албан хаагчдыг нийтийн тээврийн автобусанд суулгах хөшүүргийг урамшуулал хэлбэрээр бий болгох нь зөв.
-Хотын удирдлагууд бодлогоор, хууль эрхзүйн хүрээнд, таатай нөхцлийг бий болгож өгөхгүй байна. Тухайлбал, автомашины зогсоолыг нь шийдэж өгөхгүй байж машиныг нь ачдаг, торгодог. Ийм хүчирхийллийн хэлбэртэй зохицуулалт хэр удаан үргэлжлэх бол. Яагаад үүнийг шийдэхгүй ийм удаан хугацаа өнгөрчихөөд байна?
-Хотын ерөнхий төлөвлөгөө болон төлөвлөлт байхгүйтэй холбоотой. Жишээлбэл, 2019 онд шинээр барих бүх орон сууц, барилгын зураг төсөлд давхар зогсоолтой байхаар төр ерөнхий төлөвлөгөөгөө баталж болно. Тийм зогсоолгүй бол бүх барилга, байгууламжийг барих эрхийг цуцалчих л даа. Ингээд зохицуулалт хийж болно. Хоёрдугаарт, Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөө гээд л ярьдаг. 2020, 2024 оны мастер төлөвлөгөө гээд л ярьдаг. Тэр төлөвлөгөө нь олон дахин батлагддаг учраас сонгуулиас сонгуулийн хооронд, эсвэл засгаас засгийн хооронд солигдчихдог. Аминчхан үзлээс болоод хотын ерөнхий төлөвлөгөөний ажил алдагдчихсан.
-Төлбөртэй авто зогсоол олон байна. Эд бүгдээрээ хууль ёсных уу?
-Замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд төлбөртэй зогсоолуудыг бий болгосон. Үүнд би шүүмжлэлтэй ханддаг. Төрийн өмчийн байгууллагын удирдлагуудад өгчихдөг. Тэд дур зоргоороо авто зам сэтлээд, хашаа хайс тавьснаас болоод үнэндээ авто замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг байхгүй болгоод, түгжрэл үүсгэчихэж байна. Тэр тусмаа Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүх төлбөртэй зогсоолыг татан буулгаад тэнд нь давхар зогсоолуудыг бий болгох хэрэгтэй. Тэгвэл хувийн хэвшил нэгэнт төлбөр авч байгаа бол яагаад давхар зогсоол хийж болохгүй гэж.
-Энэ жилийн хотын төсвийг хэлэлцэж байна. Төсвийн хуваарилалтыг хэрхэн хийсэн гэж харж байна вэ?
-Үндсэндээ баяр наадам зохион байгуулахад их мөнгө төсөвлөсөн байна. Жишээ нь нийслэлийн 380 жилийн ойг зохион байгуулахад гурван тэрбум төгрөг, Азийн залуучуудын наадамд гурван тэрбумыг төсөвлөсөн байна. Оронд нь ядаж нэг хүний ажлын байр бий болгоход, гэр хорооллын дахин төлөвлөлтөд мөнгө төсөвлөж болдоггүй юм. Улаанбаатарын нэг онцлох төсөв нь түр торгуулийн орлогыг өмнөх оноосоо 8.6 хувиар нэмсэн байна. Энэ орлогоор 25 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэсэн байна. Улаанбаатар хотын иргэдийг торгох шийтгэх мөнгөөрөө л баяр ёслолын арга хэмжээ тэмдэглэх гээд байна л даа. Уг нь өнөөдөр хотын удирдлагууд иргэдээ торгох биш, соён гэгээрүүлэх, нийгэмшүүлэх, хууль тогтоомжоо сурталчлах ажил руугаа явах ёстой. Гэтэл “торгоно, журамлана” л гэсэн бодлоготой төсөв байж болохгүй. Та бүхэн нэг зүйлийг анзаараарай. 2018 оны төсвийг батлахад 75 сургууль шинээр барина аа гэсэн. Үндсэндээ арав хүрэхгүй сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьсан. Яагаад бариагүй юм, газар зохион байгуулах, чөлөөлөх төлөвлөгөөгөө батлаагүй юм.
-Хотын захиргааг нүүлгэх ажил хэвээрээ юү?
-Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэрийг 2018 оны дөрөвдүгээр сард баталсан. Нүхтийн аманд барилгын ажил эхэлчихсэн. Нийт 97 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Ирэх оны тавдугаар сард нийслэлийн төр захиргааны харьяа бүх байгууллага тийшээ нүүнэ. Нүүж ажиллах албан хаагч нар маань тэнд төвлөрнө. Энэ жилийн төсөвт нэг утгагүй зүйл бий. Төр захиргааны байгууллагын шинээр ашиглалтад оруулах байрны зөвхөн тавилга, эд хогшилд гурван тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа юм. Төрийн албан хаагч нар одоо хэрэглэж байгаа ширээ, сандлаа аваад очиход юу нь болохгүй байгаа юм. Өнөөдөр тэвчиж болох зардлууд маш их байна шүү дээ. Төрийн тансаглал хэрээс хэтэрч байна.
-Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр төлөвлөсөн байсныг болиулсан шалтгаан юу юм бол?
-Нэг л зүйл хэлье. Өнөөдөр төрийн залгамж халаа байхгүй. Хоёрдугаарт, өмнөх засгийн буюу сөрөг хүчний санаачилсан бүх ажлыг зогсоосон. Би дахиад хэлье. 2012-2016 онд хийж байсан нийт 27 сайн ажлыг бүрэн зогсоосон. Тэр 27 сайн ажлын нэг нь хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх байсан.
Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” СОНИН
Сэтгүүлч: Х.Хулан
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.