Дэлхий дахинд
Онгоцны буудлаас 15 сая ам.доллар хулгайлжээ
Чили улсын Сантьяго нисэх онгоцны буудлын агуулахаас ойролцоогоор 15 сая ам.долларын үнэ бүхий бэлэн мөнгө хулгайлсан зэвсэгт бүлэглэлийн гишүүдийг хайж байна хэмээн тус улсын цагдаагийн газраас мэдэгдлээ.
Онгоцны буудлын бэлэн мөнгө хадгалагдаж байсан хэсэгт 7 зэвсэгт этгээд нэвтэрсэн бөгөөд хамгаалалтын ажилтнуудыг буугаараа сүрдүүлэн мөнгийг тэдэнд өгөхийг албадан, дэээрэмджээ.
Эдгээр этгээдүүд мөнгийг хулгайлахдаа “DHL” шуудангийн компанийн логогоор будсан 2 автомашин ашигласан ба тэдэнд байгууллагын дотроос нэгэн ажилтан мөнгөний талаарх мэдээллийг дамжуулсан байх боломжтой гэж цагдаа нар үзэж байгаа гэнэ.
Мөн хамгаалалтын албаны нэг ажилтныг толгойд цохиж гэмтэл учруулсан тул эмчилгээ хийлгэж байгаа аж.
Уг хулгайн мэдээг гарсны дараа нисэх буудлын аюулгүй байдлын албаны дарга халагдаж, хэрэгтнүүдийг эрэн сурвалжилсаар байна.