Дэлхий дахинд
Олон улсын цэргүүд COVID-19-ийн эсрэг Монголын далбаан дор нэгдсэн үү?
Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг factcheck.mn хамтран нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм.
Олон улсын цэргүүд Коронавирусын эсрэг Монгол тугийн дор нэгдэж ийм сайхан клип хийжээ
Posted by Munkh Tengeriin Khuch on Wednesday, March 11, 2020
Тэгвэл энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар тархсан энэ хүнд үед эерэг хандлага түгээх зорилгоор бага зэрэг эвлүүлэн цацсан гэдгээ “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудасны эх сурвалж тайлбарлалаа. Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар тархаад буй энэ хүнд үед монголчууд дэлхийн нэг иргэн гэдгээ ойлгож, гаднын улс орны иргэнийг ялгаварлахгүй, эв эетэй байгаасай гэдэг үүднээс бичлэгээ бага зэрэг эвлүүлсэн” гэсэн юм.
Шинэ коронавирусийн халдвараар гуравдугаар сарын 12-ны байдлаар 125 орны 126,666 хүн өвчилж, 68,326 нь эдгэсэн бол 4,640 хүн амиа алдаад байна. Монгол Улсад энэхүү халдварын анхны тохиолдол франц улсын иргэнээр зөөвөрлөгдөн орж ирсэн хэмээн гуравдугаар сарын 10-нд бүртгэгдээд байгаа юм.
НАТО-ийн эвсэлд багтдаг АНУ, Итали, Герман зэрэг орны үүрэг гүйцэтгэж буй цэргүүд “We are the world” дууг дуулсан нь бид нэг дэлхийтэй буюу эв нэгдэлд уриалжээ. Харин бичлэг дээр Монголын төрийн далбааны өмнө бүгд нэгдэж дуулсан нь Монгол Улсын үүрэг гүйцэтгэгч цэргүүд тэсвэр хатуужил, дасан зохицох байдал, даалгавар гүйцэтгэх чадвар болоод дархлааны хувьд ч хамгийн сайн үнэлэгддэг бөгөөд үүрэг гүйцэтгэдэг Азийн цөөхөн орны нэг учраас ийнхүү сонгож хийсэн болохыг эх сурвалж тайлбарласан.
Монгол Улс дэлхийн энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож ирсэн бөгөөд 2019 оны хагас жил гэхэд давхардсан тоогоор 17,000 орчим цэргээ илгээж, үүрэг гүйцэтгүүлээд буй.