Дэлхий дахинд
НҮБ-ийн байранд коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ
НҮБ-ын Нью-Йорк хотноо байрлах Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын төв байранд шинэ төрлийн титэмт халдварын тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Хууль зүйн хэлтэст ажиллаж байсан Филиппиний дипломатчаас халдвар илэрсэн байна. Тэрбээр өнгөрсөн Даваа гариг /2020.03.09/-т ханиадны шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ.
“НҮБ дэх Филиппиний төлөөлөгчид хөл хорио тогтоож, ажилчид нь бүгд өөр өөрсдийгөө тусгаарлах арга хэмжээ авч, анхааралтай ажиглаж байна” гэж Төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Кира Азуцена мэдэгджээ.
НҮБ-ын төв байранд тус байгууллагын гишүүн 193 орны төлөөлөгчийн газрууд, түүний дипломат төлөөлөгчид зэрэг 3000 орчим хүн ажилладаг бөгөөд тэдгээр дипломат ажилтнууд эх орондоо ирэн очин ажилладаг байна.