Дэлхий дахинд
PETRO MATAD: “ЦЭН ТОГОРУУ” ТАЛБАЙГААС ОЛБОРЛОХ БОЛОМЖТОЙ ГАЗРЫН ТОСНЫ ДУНДАЖ НӨӨЦ 33 САЯ БАРРЕЛЬ
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани газрын тосны XX блокт олборлолтын зөвшөөрлөө авахад хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж үзэж байна.
Тус компани XX блокийн “Цэн тогоруу” болон “Цагаан зээр” талбайг хамруулан олборлолтын зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа аж. Эхний ээлжид талбайн нарийвчилсан нөөц, хөрөнгийн үнэлгээний тайланг боловсруулж, Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлсэн байна. Ашигт малтмал, Газрын тосны газар хянан шалгаж, баталсны дараа байгаль орчны үнэлгээ болон бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө батлуулах юм байна. “Petro Matad” компани олборлолтын зөвшөөрөл авах талд Засгийн газрын хэмжээнд өндөр түвшинд дэмжлэг байгаа гэдгийг хувьцаа эзэмшигчдэдээ хандан мэдэгдлээ.
Тамсагийн сав газарт багтах “Цэн тогоруу” талбайд өнгөрсөн онд хийсэн өрөмдлөгөөс 2834 метрийн гүнээс газрын тос өөрөө ундран гарснаар энд шинэ орд газар нээлээ гэдгээ тус компани албан ёсоор зарласан юм. Итгэмжлэгдсэн мэргэжилтэн буюу гуравдагч талын гаргасан тайланд энэхүү “Цэн тогоруу” талбайн геологийн баялаг буюу сав газар дахь газрын тосны хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 194 сая баррель гэж тооцоолжээ. Харин олборлох боломжтой нөөцийн дундаж хэмжээг өмнө нь 25 сая баррель гэж тооцож байсан бол үүнийгээ 33 сая баррель болгон нэмэгдүүлсэн байна.
Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвараас сэргийлж Засгийн газраас хилээ хааж, гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглох шийдвэр гаргасан юм. Энэхүү арга хэмжээ удаан хугацаанд үргэлжилбэл БНХАУ-ын тоног төхөөрөмж, ажиллах хүчнээс ихээхэн хамааралтай Монголын газрын тосны салбарт нөлөөлж эхэлнэ гэж “Petro Matad” компани үзэж байна.
Тус компанийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид даваа гарагт 4.76 хувиар өслөө.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com