Нийгэм
Э.Ганбат хүүгийн эхний хагалгаа амжилттай боллоо
Эрдэнэбулганы Ганбат хүү ослын улмаас хөлөндөө бэртэл авснаас болж, хөлийн өсөлт нь саармагжиж, шөрмөс нь таталдаж эрүүл хөл нь 21 см байхад өвчтэй хөл нь 16 см болж, арьс, мах нь үхжиж, 15 удаагийн хагалгаанд орсон өвчин нь хүндэрч, хөл дээрээ гишгэж чадахгүй болоод байсан. Хүүг Солонгос улсад очиж эмчлүүлбэл хөл дээрээ босно гэсэн итгэлээр аав ээж нь эмчилгээний зардалд шаардлагатай 130 сая төгрөг олохоор байдгаа зарж нэмэрлэж, ээж Б.Ганчимэг нь Сэлэнгэ аймгийн зах дээр гутал зарж яваа тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан.
Хүүгийн өвчтэй хөлний нүд халтирам зураг сошиалд тавигдсанаас хойш сайхан сэтгэлт Монголчуудын тусламж эхэлж, хандивын тоглолт ч зохион байгуулж хүүгийн эмчилгээнд нэмэр тус болсон билээ. Ингээд хүү Солонгосын Анами их сургуулийн эмнэлгийг зорьж саяхан эхний хагалгаагаа амжилттай давсан баяртай мэдээг ээж Б.Ганчимэг нь бидэнд мэдээлсэн юм.
Ингээд Э.Ганбат хүүгийн ээж Б.Ганчимэгийн яриаг та бүхэндээ хүргэж байна.
-Хүүгийн эхний хагалгаа амжилттай болсон баярт мэдээг сонсоход таатай байна. Биеийн байдал хэр байна вэ?
-Арван хоёрдугаар сарын 9-нд Анами их сургуулийн эмнэлэгт хэвтэж, шагайны орчимд өсөлтийн бусын хагалгаанд орсон. Шагайны дотор талын өсөлт саармагжиж, гадна талынх нь хэвийн байсан. Өөрөөр хэлбэл нэг тал нь өсөөд нөгөө нь зогссон байсан. Түүнийг нь хэвийн болгох хагалгаа юм. Хагалгаа маш амжилттай сайн болсон. Хүүгийн минь бие ч сайн байгаа. Хагалгаанаас гарч ирээд хүү минь ээжээ би одоо эрүүл болно тиймээ гэсэн. Үнэхээр л хүүгийн минь хамгийн ихээр хүсдэг зүйл нь эрүүл болж үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн алхаж, хөөцөлдөн гүйх. Би ч бас үнэхээр дараа дараагийн хагалгаануудыг хийлгэчихвэл эрүүл болно гэсэн итгэл дүүрэн байгаа.
-Хоёр, гурав дахь хагалгаануууд хэзээ товлогдсон байгаа вэ? Ямар хагалгаа хийгдэх вэ?
Хүү маань арван хоёрдугаар дугаар сарын 18-нд эмнэлгээс гарсан. Одоо хоёр хагалгаа үлдсэн байгаа. Сарын дараа дараагийнхаа хагалгаанд орно. Энэ нь хөлийн улаар гишгүүлэх болон хөлний сарвуунуудын ясыг зөв байрлалд оруулах хагалгаа юм. Хүү минь бүр гишгэж чадахгүй болсон шүү дээ. Энэ нь хөлийн улыг 90 градуст тэгшлэх хагалгаа гэсэн.
Тэгээд хоёр дахь хагалгаа хийгдсэнээс хойш дахиад сарын дараа хөлийн шөрмөс унгах хагалгаа хийгдэнэ гэсэн. Шөрмөс нь сунахгүй таталдаад маш зовууртай байдаг байсан түүнийг нь засах юм.
-Шат дараатай хагалгаанууд хийгдэнэ гэж байна. Тэгэхлээр Солонгост хэр удаан эмчлэгдэнэ гэсэн үг вэ, Эмчилгээний төлбөр нь бүрэн цуглаж чадсан уу?
-Дор хаяж зургаан сар болох байхаа. Эхний хагалгааны төлбөр 10 сая вон болсон. Дараагийн хагалгаа нь 46 сая вон болно. Монголын сайхан сэтгэлт ард түмний цугласан хандив болон өөрийн мөнгөө шавхаад, машинаа зараад 26 сая вонтой Солонгост ирсэн. Монголд байхдаа хандивын мөнгөний хуулгыг танилцуулна гэж бодож байсан ч яаралтай явах байсан учир ажлууд минь үнэндээ амжаагүй юм. Солонгост ирээд ч бас ид шидийн мэт үйл явдлууд болж, хүүгийн минь хагалгааны төлбөр бүрдсэн байгаа. Хүү минь үнэхээр азтай. Маш олон хүний ачаар хөл дээрээ босох нь байна.
-Одоо та хэд хаана байрлаж байгаа вэ? Хагас жил эмнэлгээр явах нь байна шүү дээ.
-Эндээ байр түрээслээд амьдарч байгаа. Хурдхан л хүүгээ эрүүл болгочихвол өөр хүсэх зүйл алга даа. Хүүд минь тусалж дэмжсэн Монголынхоо сайхан сэтгэлт ард түмэн болон ах, дүү, найз, нөхөд, хамаатан, садан бүх хүмүүст баярласан талархсанаа чин сэтгэлээсээ дахин дахин илэрхийлж байна. Та бүхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн хүүд минь зориулсан хандивын аяныг олон түмэнд таниулахад тусалсан zaluu.com сайтын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Удахгүй хүүгээ эдгээгээд эх орондоо баяр хөөртэйгөөр уулзах болно.
-Баярлалаа
Х.Соёл-Эрдэнэ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.