Өнөөдөр Улаанбаатар хотын 381 жилийн түүхт ой тохиож байна. Энэ өдөр Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болон Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.
Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг байсан. Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газраа суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.
1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятад цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгер Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.
Ардын журамт цэрэг 1921 оны долдугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн бөгөөд түүний мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваан судалж байна.
Улаанбаатар хот нь физик газарзүйн байршлын хувьд бол Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, тусгаар тогтносон орны улс төр, эдийн засаг, шашин, соёлын төвийн түүх, монголчуудын бэлгэдэл юм.
Улаанбаатарын үндэс суурь Хүрээ буюу Өргөөний тухай түүхэн сударч 1649 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Нүүдэлч удмын их төвлөрөл Алтан тэвшийн хөндийд суурьшлтаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн гэдэг.
1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон сүндэрлэсэн нь Улаанбаатар хотыг чимсэн хамгийн том барилга байгууламж байжээ. Түүнээс өмнө одоогийн “Улаанбаатар” зочид буудлын хавьд хоёр давхар цувраа гурван байшин байсан нь Засгийн газар, Намын хороо, Эвлэлийн хороо байв.
Энэ үед их хотын жолоо атгасан анхны дарга гучин хоёрхон настай Моононгийн Баяр байлаа. Сэцэ хан аймгийн Ачит бэйсийн хошуу /одоогийн Дорнод аймгийн Булган сум/-ны бичээч байсан залуу эр Цэргийн яаманд алба хааж, Хатанбаатар Магсаржавтай хамт нэг өдөр МАХН-д элссэнийг үзэхүл их Нацагдоржтой бий тусдаа ч, янтай нэг явсан байж мэдэх л юм. Юутай ч хотын төр захиргааны дүрэм батлуулж, хотын түр захиргааны дарга 1, жинхэнэ бичээч 2, ажилчин 11, морьтой зарлага 2, гишүүн 3, нарийн бичгийн дарга 1, бүгд 20 орон тоотой батлуулан ажлаа эхэлжээ.
МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН НЭР түүхэндээ таван удаа солигдож байжээ.
Өргөө /1639-1651 он/
1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Цагаан нуур буюу Ширээт нуур гэдэг газар шашны тэргүүнээр Занабазарыг өргөмжлөхдөө түүнд зориулж Орд-Өргөөг байгуулж өгчээ. Энэ өргөө нь өнөөгийн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэл болсон гэж үздэг.
Өргөө нь:- Монголын шарын шашны төв- Халх Монголын улс төрийн төв
– Гадаад дотоодын худалдааны чухал зангилаа голомт болж байсан байна. Өөрөөр хэлбэл, Өргөө нь жинхэнэ хот болон хувирах хөгжлийн шинэ үедээ орсон байна.
Номын хүрээ /1651-1706 он/
Өргөө нэрээр анх ханаа дугуйлсан нийслэл хотын анхны нэр Номын хүрээ болон өөрчлөгджээ.
Их хүрээ /1706-1911 он/
Энэ үеийн гол онцлог нь Их хүрээ суурьшиж хот болон хөгжиж эхэлсэн явдал юм. Их хүрээ 1706-1911 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.
XIX зууны үед Их хүрээ зөвхөн шашны төв төдийгүй Монгол орны улс төр, засаг захиргаа, соёлын чухал төв, худалдаа харилцааны том зангилаа болж жинхэнэ хот болон хувирсан. Энэ үед Их хүрээний нийт хүн ам 15-20 мянга орчим байсан болов уу гэж үздэг. Их хүрээ хотод Гандан, Зүүн хүрээ, Баруун дамнуурчин, Маймаа хот, Консул сайдын яам, Дамбадаржаа зэрэг газрууд хамаарагдаж байсан байна. Их хүрээ нь XIX зууны эцэс гэхэд монгол орны шашин, улс төр, худалдаа, үндэсний болон нийгмийн зөрчил тэмцлийн гол зангилаа төв болж чадсан юм.
Нийслэл хүрээ /1912-1921/
Сэргээн байгуулагдсан Монгол улсын нийслэл болсон үе. Нийслэл хүрээ улс орны амьдралд онцгой үүрэг гүйцэтгэх болсон.
Улаанбаатар хот /1924 оноос одоо хүртэл/
1924 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр хуралдаанаар нийслэл хотыг улсын нийслэл хот гэдгийг давтан хуульчилж хотын нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчлөхөөр болсон.
1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.
1990-ээд оны зун Монголд анх удаа олон намын оролцоотой ардчилсан сонгууль явагдсан. Энэ сонгуулийн үр дүнд Монголд анхны байнгын ажиллагаатай, олон намын бүрэлдэхүүнтэй парламент Улсын бага хурал байгуулагдсан.
1992 онд Монгол Улсын шинэ Үндсэн хууль (4 дэх) батлагдсан. Монгол улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн” гэж заасан юм. Нийслэл нь өөрийн туг, бэлгэ тэмдэгтэй.