Нийгэм
Монголын 2018 оны онцлох үйл явдал
1.Оройтсон ч онцгой өнтэй зун ба говьд хээрийн түймэр гарсан нь
Энэ жил хавартаа гандуу бороо хургүй өнжлөө. Улсын наадам хүртэл говь хээрийн бүс нутаг байтугай хангайн аймгуудын ихэнхэд зуншлага оройтсон, газрын гарц тааруу байв. Нар буцаж наадам өндөрлөснөөс хойш Монгол Улсын нийт нутгаар бороо хур элбэгшив.
Өмнөговь аймгийн нутагт хамгийн сүүлд 1960-аад оны эхээр ийм сайхан зун болж билээ хэмээн өвгөд нотолж байв. Тус аймгийн Улаан нуурын талбай урьд хожид байгаагүйгээр тэлснээс гадна хонхойсон бүхэн ус хотойсон газар бүхэн нь ногоотой зун болсон бол Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт энэ намар тал хээрийн түймэр гарчээ. Говь нутагт анх удаа тал хээрийн түймэр гарсан нь энэ бөгөөд эндээс ямархан зун болсныг анзаарч болмоор.
Гэвч сайны хажуугаар саар гэгчээр өнгөрсөн зуны их бороо улс орны дэд бүтцэд таагүй нөлөөлж, үер усны гэмшиг хэдэнтээ тохиолдов. Тодруулбал, нийт 19 аймгийн 46 байрлалд 195 км урт автозам, замын байгууламжид эвдрэл үүссэн. Мөн Баян-Өлгий аймгийн 800 гаруй айл усанд автаж, 4,000 орчим иргэн орон гэргүй болсон гамшиг нүүрлэв.
2.МАН-д цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав
Эрх баригч хүчний дунд гарсан хагарал туйлдаа хүрч, эцэстээ энэ нь төрийн ажлыг гацаасан нь Монголын улс төрд урьд өмнө байгаагүй явдал болов. ЖДҮ дээр дөрөөлөн Д.Хаянхярваа тэргүүтэй М.Энхболдыг дэмжигч бүлгийнхэн Засгийн газраа огцруулахаар УИХ-аар хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Үүний хариуд М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж, У.Хүрэлсүхийг дэмжсэн 40 гишүүн УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй бойкот зарлаад буй. Эдүгээ парламентын үйл ажиллагаа 4 дэх долоо хоногтоо гацаад байна. Энэ нь эцэстээ иргэний хөдөлгөөнүүдийн идэвхийг сэргээж, монголчуудыг хөхөө өвлийн хүйтнээр улстөржих шалтгаан болж байна.
МАН олонхийн бүлэгт үүсээд байгаа асуудлаа шийдвэрлэхээр Бага хурлаа хуралдуулсан ч зорилгоо биелүүлж чадсангүй.
3.Экс Ерөнхий сайдуудад нүүрлэсэн барцад буюу АТГ-ын торонд орсон “акулууд”
2018 он баривчилгаа олонтой байлаа. АТГ-ыг дандаа “жараахай”-ны хойноос хөөцөлддөг гэж шүүмжилдэг. Гэтэл энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр ч эрхмийг АТГ-аас баривчилж хэсэг хугацаанд цагдан хорьж шалгав. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм. Тавдугаар сард экс сайдуудын хэргийг хэлэлцэж хорих хугацааг дахин 30 хоногоор сунгасан ч С.Баяр, Ч.Сайханбилэг нарын бие муудан эмнэлэгт шилжүүлж, зургадугаар сарын таванд мөн хоёуланг нь батлан даалтад гарган, хилийн хориг тавин сулласан юм.
Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон хожим нь 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дубайд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт тэднийг шалгаж байгаа юм.
- Улсын төсөв ашигтай гарав
Улирч буй онд улсын эдийн засагт эерэг нөлөөлөл их байж, төлөвлөсөн хэмжээний өсөлтийг хангав. Тухайлбал, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийг энэ онд 6.4 хувь, 2019 онд 6.1 хувиар өснө гэж таамаглав.
2017 оны Төсвийн тухай хуулиар 2018 оны төсвийн орлогыг 7.2 их наяд төгрөг байхаар баталсан. Гэвч аз тохиож энэ онд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханшийн өсөлтийн үе таарснаар төсвийн орлогын гүйцэтгэлээр 9.035 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 1.8 их наядаар давж, 266 тэрбум төрөгийн ашигтай гараад байна. Төсөв сүүлийн зургаан жилд анх удаа ийнхүү эерэг гарахад татварын орлого маш том нөлөө үзүүлжээ. 2018 оны ийм өөдрөг дүн дээрээ дөрөөлж 2019 оны төсвийн орлогыг ихээхэн нэмэгдүүлж төлөвлөсөн бөгөөд зарлагыг мөн нэмэгдүүлж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байхаар УИХ батлаад байгаа юм.
5.Нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхлэв
Улирч буй онд Монгол Улсад эхэлсэн онцлох бүтээн байгуулалт бол олон жилийн турш яригдсан нефть боловсруулах үйлвэрийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн явдал байв. БНЭУ-ын Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Сайншанд сумаас зүүн хойд зүгт 18 километр байрлах Алтанширээ сумын нутаг дэвсгэрт газрын тос боловсруулах үйлдвэрийн шавийг өнгөрсөн зургадугаар сарын 22-ны өдөр тавив.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлснээс хойшхи хугацаанд цахилгааны дэд станц, агаарын шугам, төмөр зам, авто зам зэрэг газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил 35 хувьтай явж байгаа. Үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр жилд Монгол Улсын хэрэглэдэг нэг сая гаруй тонн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангаж, валютын гарах урсгалыг 20 орчим хувиар бууруулах юм. Үйлдвэрийн хүчин чадал 1.5 сая тонн байх бөгөөд евро-4,5 стандартын шаардлага хангасан 560 мянган тонн автобензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
6.ЖДҮ хэмээх өөд нь хаясан чулуу
Энэ жилийн улс төрийн хэллэгт ЖДҮ, ЖДҮ-чин гэх үг идэвхтэй хэрэглэгдэж эхэллээ. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ХХААХҮ-ийн яамны харъяанд байдаг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулжээ. Гэтэл шалгалтын дүн эргээд Засгийн газраа боомилж, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болов. Учир нь тус сангаас Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож салбарын сайд болон тус сангийн дарга цэргүүдийг хуулийн байгууллагын хаалга татах шалтгаан болов.
ЖДҮ-ийн асуудал эцэстээ улс төрийн түймрийг дэгдээх гол сэдэв болж, Засгийн газрыг огцруулах асуудалд хүртэл хүчээ авсан билээ. Одоогоор ЖДҮ-гийн асуудлаар Б.Батзориг, Я.Содбаатар нарын хоёр ч сайд, мөн төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтныг огцруулаад байна. Цаашид Прокурорын байгууллага мөн асуудлаар хэд хэдэн гишүүдийг шалгана гэсэн мэдээлэл байна. ЖДҮ-гийн асуудал сөхөдснөөр Засгийн газрын харъяа сангуудад шалгалт оруулаад байгаа юм.
7.Төрийн яаманд хүний амь бүрэлгэв
Монгол төрийн түүхэнд ийм явдал болж байсан нь бараг үгүй байх. Улирч буй оны хамгийн харамсалтай хэрэг бол төрийн яамны хариуцлагатай ажилтнууд нэгнийхээ аминд хүрсэн явдал байв. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг наймдугаар сард гарсан билээ. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ажлын байран дээрээ амь насаа алдсан хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхийн шатанд шилжүүлээд байна.
Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байгаа ч энэ явдал төрийн албаны түвшинд сахилга хариуцлага ямар хэмжээнд хүртлээ унасан, нам дагаж албан тушаал хүртэж явдаг албан тушаалтнуудын ёс зүйн доройтолын гунигтай жишээ болж байна.
8.Засгийн газар хүний хулгайд сэрдэгдэв
Энэ оны долоодугаар сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийтийн төдийгүй олон улсын анхаарлыг татсан үйл явдал байлаа.
Туркийн талаас Вэйсел Акчайг террорист бүлэглэлийг санхүүжүүлэгч гэж үзэн удаа дараа авах хүсэлтээ манайд тавьж байсан, мөн тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц Монголд газардсан нь энэ хэрэг явдалд Засгийн газар оролцсон байж магадгүй гэх хар сэрийг нийтэд төрүүлсэн юм. Хэрэв үүнийг Монголын талаас хамтран зохион байгуулсан бол энэ нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал болох учиртай байв.
Гэвч тухайн өдөр Туркийн тусгай үүргийн онгоц 21:25 цагт Монголоос буцаж, Вэйсел Акчай шөнийн 01:40 цагт Эрүүгийн цагдаагийн газраас гарч ирснээр Монгол Улс хүний эрхийг хамгаалдаг орон гэдгээ нотолсон юм.
Харин Вэйсел Акчайд Монголын хуулийн байгууллагаас тавиад байсан хилийн хоригийн хугацаа дууссан учир тэрбээр саяхан Хонг Конгийг зорьжээ.
9.Нийтийг хамарсан эрчим хүчний тэг зогсолт
Зүгээр л нэг хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэн нийслэл хот хөдөөтэйгээ эрчим хүчний тэг зогсолтод өртсөн нь онцлох хариуцлаггүй явдлын нэг болов. Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр 09.40 цагийн үед “ДЦС -IV ТӨХК”-д гэмтэл гарч, нийслэл болон таван аймагт тог тасрав. НИйтдээ бүтэн 14 цаг тог цахилгаангүй байсан энэхүү аваарын гол буруутан нь технологийн горим зөрчиж, сэлгэн залгалтыг буруу хийсэн диспетчерийн алдаа болж үлдсэн юм.
Салбарын сайдын өгсөн мэдээллээс үзвэл энэ осол хувь хүний хариуцлага, мэргэжлийн чадвар муу байдлаас шалтгаалсан бөгөөд хэргийн эзэнээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компани нэрлэгдсэн. Тэдний буруутай үйлдэлд хариуцлага тооцож, станцын зарим удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн юм.
- Нийслэлийн анхны давхар зам буюу Яармагийн гүүр
2018 онд Нийслэлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалт бол Яармагийн шинэ гүүр юм. Төслийн хүрээнд баригдсан нийт дөрвөн эгнээ шинэ гүүр, хоёр эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авав.
Яармагийн шинэ гүүр нь 250.2 м урт, 20.5 м өргөн, хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр баригдсан. Энэ гүүр ашиглалтад орсноор замын түгжрэл 50-60 хувь буурах боломжтой. Яармагийн хуучин гүүр нь 1960 оноос хойш шинэчлэгдээгүй бөгөөд байгууламжийг бүтнээр нь 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Нэргүй
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм49 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм45 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент25 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо