Дэлхий дахинд
74 сая хүүхдийн төлөөлөл С.Чингүүн
АНУ-ын Чикаго хотод амьдардаг 14 настай С.Чингүүн хүү өсвөр насны алдарт Nickelodeon телевизийн “All That” инээдмийн цуврал шоуны шинэ улиралд тоглохоор 20,000 хүүхдээс сонгогдсон билээ. Алдарт TIME сэтгүүлийн “2020 оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээнд шүүгчдийн багт ажиллаж амжилтаа ахиулсан монгол хүү АНУ-ын 74 сая хүүхдийг төлөөлөн илтгэл тавихаар болжээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 20-ны өдөр болно. Тангараг өргөх ёслолын хүрээнд “Үндэсний хүүхдийн аян” төрийн бус байгууллага Америкийн хүүхдүүдийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай. Уг арга хэмжээнд С.Чингүүн илтгэл тавих хүүхдүүдийн нэгээр сонгогдсон баярт мэдээг дуулгажээ.
Дашрамд мэдээлэхэд Nickelodeon сувгийн өсвөр насныханд зориулсан “All That” инээдмийн цуврал шоу нь 1994-2005 онд үргэлжилж, үүнээс хойш 10 гаруй жил завсарласны дараа шинэ дүрүүдээ сонгон дахин сэргээсэн юм. Ингэхэд жүжигчин Чингүүн хүү Монголоос төдийгүй Азиас анх удаа уг шоунд багтсан гэдгээрээ онцлог ажээ.
Тэгвэл өнөөдөр Жо Байдены тангараг өргөх ёслолын албан ёсны твиттерт С.Чингүүнийг онцолжээ.
Түүнээс гадна С.Чингүүний ээж Т.Сэргэлэнцэцэг “Хүү бид хоёр бөөн бөөн баяр. Энэ бүтэн сайн өдөр нэгдүгээр сарын 17-нд болох Үндэсний хүүхдийн тангараг өргөх цахим арга хэмжээнд улам их хүлээлт үүслээ. Мэдээж маш сайн судалгаа хийж бэлтгэлээ базааж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс шууд нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүд аль улсаас монгол хүүгээ үзэж, дэмжиж байгаагаа комментоор дурдахыг уриалж байна. Мөн хүүгийн твиттер рүү ороод энэ жиргээг давалгаалуулж монголчууд ардчиллыг хэрхэн дэмжиж байгаагаа харуулбал талархалтай юм уу. Юу гэж бодож байна. Хариу улаан зүрх илгээцгээх үү. Сайн үйлсийг хамтдаа” гэжээ.