Дэлхий дахинд
Хөх цэнхэр далайн эрэг орчимд амьдран суугчдийн тухай
Евразийн хамгийн баруун цэг болох Португалийн Роко хошуу хүрэх шиг амархан аян үгүй. Харин “бусад хөвөө хязгаарын” цэг хүрэхэд хүндхэн, хатуу ширүүн уур амьсгалтай, амьдрахад бэрхтэй талдаа.
Евроазийн хойд хязгаарын Челюскины хошуу
Челюскины хошуу нь Оросын хамгийн хойд цэг төдийгүй Евразийн хувьд ч мөн ялгаагүй. Сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л тийшээ зүглэх байх. Тэнд цаг уур үнэхээр хүнд, өвөл хэзээ ч дуусдаггүй. Зуны гэх долдугаар сард агаарын хэм нь +1°С градусаас дээш гарах нь ховор.
Хошуунд одон орны обсерватортай туйлын станц байх бөгөөд тэнд 10 хүн байнга ажилладаг. Тэндээс эх газар хүртэл зөвхөн нисдэг тэргээр л хүрэх ба цаг уурын өөрчлөлт ихтэй учир нислэг тодорхойгүй хугацаагаар хойшлогдоно.
Оростдоо хамгийн хойд болох Диксон сууринд 500 гаруй хүн амьдардаг ба тэр нь станцад хамгийн ойр суурин юм. Суурин мөнхийн цэвдгийн хязгаарт орших учир байр байшинг нь тулгуур шонгууд дээр босгодог ба тээврийн үндсэн хэрэгсэл нь цас туулагч, газар сайгүй явагч, гинжит намаг туулагч зэрэг болдог. Диксон Зөвлөлтийн үед цэцэглэж байхаас зарим нь үлджээ. Одоо тэндээс хүмүүс ихээр шилжиж байгаа.
Диксон суурин нь арлын ба эх газрын гэсэн хоёр хэсгээс бүрэлддэг. Тэд нэгэн хоолойгоор тусгаарлагддаг. Өвөл бол мөсөн замаар холбогдоно. Зун моторт завиар, улирал солигдох цагаар зөвхөн нисдэг тэргээр л тээвэр хийнэ.
Өмнөд Америкийн өмнөд цэг Фроуард ба Горн
Фроуард заримдаа Фроуэд гэдэг хошуу нь Өмнөд Америкийн тивийн хамгийн захын цэг бөгөөд Чилид хамаардаг. Испани хэлтэй орны харъяаных ч түүний нэр нь англи хэлний “froward” (дураараа, зөрдөг, тааламжгүй) гэсэн утгатай. Магадгүй энэ нь орон нутгийн цаг уурыг хэлсэн байх.
Тивийн хамгийн өмнөд арлын цэг нь Диего-Рамирес гэх жижиг арлуудын групп болдог. Галт газар гэх ольтригт байдаг Гроны хошуу нь Өмнөд Америкийн арлын хамгийн өмнөд цэг нь юм. Түүнийг ерөнхийд нь ертөнцийн төгсгөл гэдэг ба олон уран зохиолд тухайлбал Жюль Верны “Жонатан хөлгийн сүйрэл” романд дүрсэлсэн байдаг.
Горн нь дэлхийг тойрсон хөлөг онгоцны уралдааны чухал цэг бөгөөд тэнд ургадаг бүх мод нь элдэв дүрсээр муруйсан байдаг. Учир нь тэнд баруунаас дорно зүгийн хүчтэй салхитай. Мөн тэнд ажиллагаатай гэрэлт цамхаг, гүдэн ба орон сууцтай. Тэнд жилээр ажиллах гэр бүлийн байнгын эрэлт бий. Эрэгтэй нь гэрэлт цамхгийг ажиллуулж эмэгтэй нь түүгээр өнгөрөх хөлөг онгоцуудыг бүртгэх үүрэгтэй. Сургуулийн насанд хүрээгүй гэр бүлийг хөлслөхийг илүүд үзнэ. Хэрэв та яаж ийгээд тэнд очсон бол тэр харуул таны паспортад хорвоогийн хязгаарт байсан гэх тамга дараад өгнө.
Түүнд хамгийн ойр хот нь Ушуайя. Хот хорвоогийн хязгаар гэсэн нэртэй болохоор жуулчид ихээр тийшээ зорин очдог.
Евразийн өмнөд цэгийн Пиай хошуу
Евразийн эх газрын хамгийн өмнөд цэг Малайзид байдаг гэхэд эргэлзээ нэг их төрүүлэхгүй биз дээ. Тэр хошууг Пиай гэж нэрлэдэг. Хошуунаас хоёр км-ын цаана адилхан нэртэй жижиг тосгон байдаг ба жуулчид хүлээн авах хэмжээнийх биш. Тэндээс Сингапур хүртэл 30-аадхан км.
Сингапурчууд Малайзтай өмнөд цэгийн талаар маргаан гаргаагүй нь гайхмаар. Учир нь Пиай хошуунаас арай өмнөд цэг болох Сентоза арал байгаа ба тэр нь эх газартай толгой эргэм өндрийн канатан замаар холбогдсон байгаа ба жилдээ тийшээ хэдэн сая орчим жуулчид очдог.
Австралийн цэгийн Байрон хошуу
Хошууг Британийн алдарт яруу найрагчийн нэрээр биш, харин түүний авга Жорж Байроны нэрээр нэрлэсэн гэх яриа бий. Тэр хүн дэлхийг тойрсон аян хийсэн вице адмирал байжээ. Хошууг анхлан Жеймс Кук нээсэн гэдэг.
Австраличууд өөрсдөө тивийнхээ төгсгөл гээд сүйд болоод байдаггүй. Гэхдээ тэнд жуучлалын дэд бүтцийн зарим байгууламжуудыг бий болгосон байна. Ойр хавьд нь байгалийн сонирхолтой газрууд бас бий. Үүнд Миньяны хүрхрээг нэрлэж болно. Хошуунд хамгийн ойр хот Байрон-Бейд гучаад мянган хүн амьдардаг. Жуулчид ихээхэн очдог. Бясалгал, шавар эмчилгээ голчлон хийлгэнэ. Дайванг бас хийдэг. Агаарын хэм нь жилийн турш +25 °C орчим.
Африкийн дорно зүгийн цэг Рас-Хафун хошуу
Газар зүйн энэ цэг Сомалид байгаа учраас тийшээ очих нь аюултай. Хошуу бараг дөчөөд км-аар Энэтхэгийн далайд орсон байгаа Хафун нэртэй ойрын сууринд нь загасчин голдуу 2000 хүнтэй.
Нутгийн суурин 2004 онд цунамид арчигдсан байв. Хүчтэй салхитай далайгаар хүрээлэгдсэн, хүчтэй урсгалтай нутагт цунами байнга болно. Гэхдээ тэр жилийнх шиг хүчтэй биш. Ногоо бараг ургадаггүй, тариалан эрхлэх аргагүй. Загас агнуур л амьдрах ганц боломж нь. Барьсан бүгдээ худалдахгүй, гол нь хүнсэндээ ашиглана.
М.Цогт