Дэлхий дахинд
Цагаачийн охин, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч КАМАЛА ХАРРИС
Америкийн Калифорни мужийн ерөнхий прокурор, сенатч байсан Камала Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгч боллоо. Энэ бүхэнд сонирхолтой юу байна. Энэ эмэгтэйг Ардчилсан намаас нэр дэвшин ийм албанд очсонд ач холбогдол өгч хамгийн их дургуйцсэн хүн бол ерөнхийлөгч асан Дональд Трамп.
Бүр нэр дэвшиж байхад нь “Энэ хүн олон удаа худал ярьж байсан. Тэр татвар нэмэх, манай зэвсэгт хүчний санхүүжилтийг танахыг хүсдэг хүн” гэж сэтгүүлчдэд хэлж байсан. Үнэндээ Харрисыг дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нь Трампад барьсан хамгийн таагүй үйл явдал байсан л даа.
Камала Харрис гэж хэн болоод бүгд найрамдахчууд, Дональд Трамп ингэж их жийрхэж, ихээр шүүмжлээд байсан юм бэ.
“Харрис бол Калифорни мужийн түүхэнд тойргийн прокуророор, дараа нь ерөнхий прокуророор сонгогдсон анхны өнгөт арьстан эмэгтэй, энэтхэг гаралтай АНУ-ын анхны сенатч” Колумбын их сургуулийн багш Ричард Фролик хэлсэн байна.
Цагаачийн охин
Камала Деви Харрис 1964 онд Калифорни мужийн Оклендед төрсөн. Ээж нь энэтхэгээс гаралтай Шамала Голапан, эцэг нь Ямайкийн цагаач Дональд Харрис нар Берклийн их сургуульд байхдаа танилцсан гэдэг. Хоёулаа нийгмийн идэвхтэй, эх нь хорт хавдрын судалгаагаар диплом хамгаалсан бол эцэг нь эдийн засагч байв.
Тэднийх африк гаралтай иргэдийн хороололд ядмагхан амьдардаг тэгээд ч Камалаг долоон настай байхад эцэг эх нь салжээ. Калифорни муж 1960-аад оны сүүлчээр “ арьсны цөөнх, ядуу гэр бүлийн өнгөт арьстай хүүхдүүдийг сургах хөтөлбөр хэрэгжүүлэхэд Камала ийм нэг сургуульд орсон байна. Хожмоо Шамала Голапаныг Макгилийн их сургуульд докторын зэрэг горил хэмээн санал болгосны дагуу тэднийх Канадад шилжсэн байна. Энд л Харрис дүүтэйгээ хамт хүүхэд тоглох газрыг хязгаарласан шийдвэрийг эсэргүүцэн хамгийн анх жагссан гэж намтартаа бичсэн байдаг.
Харрис сургуулиа төгсөөд Ховардын их сургуульд орж улс төр эдийн засгийн мэргэжлээр баклаварын зэрэг аваад дараа нь Калифорнийн Берклийн их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.
Прокурор
Харрис 1990 онд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах шалгалт өгч Оклендед Аламидагийн тойргийн прокурорын газарт ажилд орохоор шийджээ. Тэр 1994 онд Калифорни мужийн хууль тогтоох хурлын спикер, өөрөөс бараг 30 гаруй ах Уилли Браунтай танилцаж олон нийтийн арга хэмжээнд оролцох болжээ.
Удалгүй Камала мужийн ядууст эмнэлгийн тусламж үзүүлэх комисс, ажилгүйдлийн нөхөн төлбөр олгох зөвлөлийн гишүүн болсон байна.
Жилийн дараа Браун Сан-Франциско хотын мэрээр томилогдоход Камала түүнээс салсан байна. Энэ үеэс бүсгүй өсвөр насныхны бие үнэлэх явдалтай тэмцэж, үүнийхээ зэрэгцээ нутгийн элитүүдтэй холбоо тогтоон 2003 онд Сан-Францискогийн тойргийн анхны өнгөт арьстан прокурор болжээ.
Прокурор болоод тэр хууль сахиулагчид, цагдаагийнхантай зөрчилдөж эхэлсэн байна. Тэнд 2004 онд цагдаагийн ажилтан Айкзек Эспинозын амийг хөнөөсөн гэмт хэрэгтэнд Камала Харрис цаазын ял өгөхөөс татгалзсаны төлөө өнөөх цагдааг оршуулах үеэр цагдаагийнхан бөөнөөрөө хашгиралдаж эсэргүүцлээ илэрхийлж, улмаар Цагдаагийн үйлдвэрчний эвлэл олон жилийн турш Камалад улс төрийн дэмжлэг үзүүлэхээс татгалзаж байжээ.
Гэлээ ч Харрис шантарсангүй 2010 онд мужийн ерөнхий прокурорт нэрээ дэвшүүлж, бүгд найрамдах намын, цагаан арьст Стив Кулитай өрсөлдөн ялжээ. Мужийн Ерөнхий прокурор болоод тэр цагдаагийн буруугаас болж амь алдсан нэрвэгдсэн хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулах Open Justice интернет платформ санаачлан нээсэн байна.
Улс төр
Камала Харрис бүр 2004 онд Калифорни мужаас Барак Обамаг дэмжсэн анхны албан тушаалтан болж энэ нөхөрлөл нь өнөө хүртэл үргэлжилж байгаа юм. Тэгээд ч Обама нэгэнтээ Харрис бол “манай улсын хамгийн сайхан ерөнхий прокурор” гэж хэлсэн нь шүүмжлэлд өртөж Обама хэвлэлээр уучлал гуйсан удаатай. Бас түүнийг Обама Дээд шүүхийн гишүүнд дэвшүүлэх санал тавьсан ч Камала үүнийг сонирхоогүй. Харрис харин 2016 онд Ардчилсан намаас Калифорни мужийн сенатын сонгуульд амархаан ялжээ.
Сенатад тэрбээр хуульзүй, аюулгүй байдлын хорооны гишүүн болсноор жинхэнэ телевизийн од болсон байна. Америкийн 2016 оны сонгуульд Орос хөндлөнгөөс нөлөөлж оролцсон тухай асуудал дэгдэж телевизээр шууд дамжуулж байхад АНУ-ын Хуульзүйн тэр үеийн сайд Жефф Сешнсыг ёстой асуултаар булж байсан юм.
Ерөнхийлөгчийн төлөө
Камала Харрис 2019 оны намар Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас оролцохоо зарлаж Байденыг цагаан арьстан хүүхдүүдийн сургуулиас өнгөт арьстнуудыг шилжүүлэх хөтөлбөртэй холбон шүүмжилж “Би тийм охидын нэг нь байсан” гэж байлаа.
Ингэж байснаа 2019 оны арванхоёрдугаар сард өрсөлдөөнөөс гарч байгаагаа мэдэгдээд улмаар гурван сарын дараа 2020 оны гуравдугаар сард Харрис ерөнхийлөгчид нэр дэвшигч Жо Байденыг дэмжихээ албан ёсоор зарласан байна. Тэр Байден бол “ Улс орноо нэгтгэж чадах лидер болно” хэллээ.
Сонгуулийн дараа
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Цагаан ордны тэргүүн Жо Байдены засаг захиргааны гадаад улс төрийн бодлогод гол үүрэг гүцэтгэж эхэллээ гэж The Washington Post бичиж байна. Харрис дэлхийн улс орнуудын удирдагчидтай Жо Байдентай хмат утсаар ярьж, гол гол шийдвэр гаргахад нь идэвхтэй оролцож байна. Иймдээ ч шинжээчид Харрисыг сонгогчид ирээдүйн төрийн тэргүүний хэмжээнд хардаг болж байна гэж үзэж байна.
The Washington Post сонины нийтлэлд “Харрис Байденаас ямар хамааралгүйгээр наад зах нь дэлхийн зургаан улсын тэргүүнтэй утсаар ярьсан нь саяхан дэд ерөнхийлөгч болсон хүний хувьд харьцангуй их тоо” гэжээ. Хатагтай Харрис Сирид агаараас цохилт өгөх шийдвэр гаргахад иддэвхтэй оролцсон байна. “Харрис Батлан хамгалаахын сайд Ллойд Остин, Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли нартай уулзаж хэд хэдэн хувилбар зөвлөлдсөн” гэж сонины эх сурвалж хэлжээ.
Гол тоглогч нь хэн бэ
Жо Байдены ерөнхийлөгчийн алба эхний өдрөөсөө л бага Жорж Бушийн үед засгийн бүхий л мэдэл дэд ерөнхийлөгч Дик Чейний гарт байсан шиг эхэлж байна гэж ОХУ-ын ШУА-ийн Аюулгүй байдлын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Блохин RT телевизэд ярьсан байна.
“Жо Байдены нас, эрүүл мэндийн байдлаас болоод Камала Харрис засгийн эрх мэдлийг гартаа авч АНУ-ын гадаад, дотоод бодлогыг тодорхойлж байна” гэж улс төр судлаач онцолжээ. Тэгээд “ийм байдлаар Байдены нас, эрүүл мэнд нь төрийн тэргүүнийг ардчилсан байдлаар солиход хүргэж мэдэх юм. Энэ хувилбар үнэхээр бодитой юу гэдгийг хэлэхэд хэцүү. Сонгогчид нэг хүнийг сонгосон байхад түүний үүргийг өөр хүнд шилжүүлэх нь таагүй зүйл л дээ. Тэгэхээр Байденыг ямар ч байсан нэг бүрэн эрхийг нь дуусгаад, дараа нь Ардчилсан нам Харрисыг дэвшүүлэх байх” гэж шинжээч бичиж байна.
Америк судлаач, улстөрч Дмитрий Дробницкий бас Байдены засаг захиргаанд одоо бүхий л шийдвэрийг ерөнхийлөгчийн эргэн тойрныхон хамтаараа гаргаж байгаа гэжээ.
Ийм байдлаар АНУ-ын хоёрдахь хүн Камала Харрис албан үүргээ хэрэгжүүлж эхэлсэн эхний хоёр сардаа ямагт Жо Байдены улс орны гадаад, дотоодын талаар гаргаж байгаа чухал чухал шийдвэрүүдэд гарын үсэг зурах, үг хэлэхэд нь дэргэд нь байж байна.
Цагаан ордны туслахын хэлснээр бол Байден Харрис хоёр өдөр бүр олон цагийг хамт өнгөрүүлж, ерөнхийлөгчийн өдөр тутмын уулзалтад ч хамт байж өглөө бүр Овальныйн танхимд үндэсний аюулгүй байдлын талаарх маш нууц мэдээллийг ч хамт сонсдог гэнэ.
Ерөнхийлөгч өөрөө түүнийг хамт байхыг хүсдэг учраас Камала Харрис ерөнхийлөгчийн олонхи уулзалтад хамт байж оролцдог” гэж Харрисын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сабрина Сингх ABC News хэвлэлд ярьжээ.
#МонголынМэдээСонин #Дэлхий
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент21 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм22 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент21 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Дэлхий дахинд20 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм22 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна