Нийгэм
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ СЭЛЭНГЭ, ОРХОН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар 2022 онд багтаан Монгол Улсыг хоёр удаа тойрон орон нутагт ажиллахаар төлөвлөсөн. Ингэхдээ
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: Сэлэнгэ, Дархан, Орхон, Төв аймаг, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт
- Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж: Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД Э.Баттулга: Хэнтий, Өмнөговь аймагт хуваагдан ажиллана. Бусад аймгуудын хуваарийг аймгуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргаж, тухайн орон нутагт ажиллана.
Орон нутгийн томилолтыг Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-эрдэнэ эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, бусад албаныхны хамт /02.24-02.27/-ны өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлыг 2022 оны гуравдугаар сард эхлүүлэх болон салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудтай танилцан шийдвэрлэхээр орон нутагт ажиллаж байна.
СЭЛЭНГЭ АЙМАГ: ТАРЬЦ, СУУЛГАЦ НИЙЛҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛОХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЛЭЭ
Сэлэнгэ аймаг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах хүрээнд “Тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болохын төлөө-Та бид хамтдаа” уриалга дэвшүүлж, “Нэг тэрбум мод- Сэлэнгэ аймагт” зөвлөгөөн зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 17 сумын 60 иргэн, аж ахуйн нэгж 20 гаруй төрлийн 8 сая ширхэг тарьц, суулгац бойжуулан ургуулдаг. 1973 оноос ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг тасралтгүй хийсээр ирсэн туршлагатай аймаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ААНБ-уудад боломж хэмээн үзсэн. Иймд 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарьж ургуулахаас гадна бусад аймаг орон нутагт “Тарьц, суулгац нийлүүлэгч” аймаг болох зорилтоо танилцуулсан.
ОРХОН АЙМАГ: НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ ААН-ҮҮДТЭЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Орхон аймгийн газар нутгийн 27.3 хувь нь газрын доройтолд дунд болон сул өртсөн. Түүнчлэн хөрсний бохирдлын хувьд цайрын агууламж зарим цэгт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.4 дахин их байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр онцолсон. Иймд “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээтэй уялдуулж, Орхон аймгийн хэмжээнд ойн сан, усан бүхий газарт эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээж, ойжуулах нь төрийн бодлогыг уялдуулсан, оновчтой арга хэмжээ болохыг санууллаа.
Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр хэрэгжүүлнэ. “Ногоон Эрдэнэт” болохын тул 2022 онд Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын ИТХ-ын тогтоолоор Баян-Өндөр сумын нутагт 26 га талбайд мод үржүүлгийн газар, 2 га талбайд хүлэмж, Жаргалант сумын нутагт 7 га талбайд мод үржүүлгийн газар шинээр байгуулахаар тогтсон. Орон нутгаас нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарьж ургуулах аж ахуйн нэгж байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулсан. Үүнд,
- “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 10 сая мод
- “Эрдмин” ХХК 2 сая ширхэг мод
- “Ачит Ихт” ХХК 3 сая ширхэг мод
- “Зэс Эрдэнийн хувь” ХХК 1,5 сая ширхэг мод
- “Ган сэнтий” ХХК 10,000 ширхэг мод тарихаар болсон. Мөн “Мод тарих арга зүй” сургалтад иргэдий хамруулж, гэрчилгээ олгосон юм.
ДАРХАН-УУЛ АЙМАГ: “НОГООН ДАРХАН-2032” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Дархан-Уул аймагт 2/26/2022-ны өдөр ажиллахдаа ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. Тус сургууль нь Бүгд Найрамдах Чех улсын патрик технологиор бортоготой тарьц, суулгацыг жилийн дөрвөн улиралд тарьж ургуулдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэхэд жилд 100 мянган ширхэг шилмүүст модны бортоготой тарьц нийлүүлэх аж.
Мөн аймгийн удирдлагууд, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж нөхөн сэргээлт, ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, газрын доройтлыг бууруулах замаар иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах зорилгоор боловсруулсан “Ногоон Дархан” төсөлтэй танилцлаа.
Тус төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 15.7 мянган га талбайд ногоон байгууламж, ойжуулалт, нөхөн сэргээлт хийн, хамгаалалтын зурвас байгуулж, 2030 он хүртэл 20.0 сая мод тарьж ургуулна. Ингэхдээ нарийвчилсан төлөвлөлт гаргасан. Үүнд
· Аймгийн ойн сан болсон Зулзагын голд 10 сая нарс мод тарих
· Үлдсэн 10 сая модыг нэг иргэн жилд 10 мод тарих, ингэснээр 2032 оныг дуустал нийт 20 сая мод тарьсан байх юм. Үүнээс
· Шарын гол, Хонгор сумынхан тус бүр 1 сая мод тарих бол Орхон сумынхан 500.000 мод
· Дархан суманд 11 жилийн хугацаанд 7,5 сая мод тарихаар төлөвлөж, жилд дунджаар 680.000-750.000 мод тарих тооцоо гаргажээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажилтай танилцахаас гадна БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэнгүүд, болон сум дундын ойн ангийнхантай уулзалт хийж, тулгамдсан асуудал, санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгч, шийдвэрлэсэн юм

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.