Дэлхий дахинд
Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү эцгийгээ залгамжлан ерөнхийлөгч боллоо
Бямба гарагт болж өнгөрсөн сонгуулийн дүн өнөөдөр эцэслэн гарснаар Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү эцгийгээ залгамжлан ерөнхийлөгч болжээ.
Тус улсын сонгуулийн төв хорооны мэдээлснээр 40 настай Сердар Бердымухамедов нийт саналын 72.97 хувийг авч, ялалт байгуулсан байна.
Бусад найман нэр дэвшигчээс түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Хырдыр Нуннаев 11 хувийн санал авчээ.
Сонгуулийн дүн эцэслэн гаралгүй хэд хоносон нь Туркменистаны хувьд ховор сонин үзэгдэл болсон байна. Ням гарагт сонгуулийн төв хорооны дарга Гулмырат Мырадов гадаадад оршин суугаа сонгогчидтой холбоотойгоор саналын хуудас тоолох ажиллагаанд саатал гарсныг мэдэгдсэн юм.
Туркменистаны хувьд сонгуулийн дүнгээ санал хураалтын маргааш зарладаг уламжлалтай. Тухайлбал 2017 онд эцэг Бердымухамедов дахин сонгогдохдоо 97 гаруй хувийн санал авсныг маргааш нь зарлаж байв.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задран унасны дараа тусгаар тогтносон Туркменистанд шударга сонгууль огт болж байгаагүй гэж олон улсын байгууллагууд үздэг.
Одоо 64 настай Гурбангулы Бердымухамедов өнгөрсөн сард парламентын чуулганд үг хэлэхдээ улс орныг залуу үеийнхэн удирдах цаг болсныг хэлж байв. Тэрбээр 2006 онд анхны ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барснаас хойш тасралтгүй ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа.
Сердар Бердымухамедов засгийн газрынхаа шадар сайд зэрэг бусад олон өндөр албан тушаалыг зэрэг хашиж байжээ. Тэрбээр саяхан 40 нас хүрч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших босго шаардлагыг хангасан юм.
“Миний үндсэн зорилго бол улс орныхоо тусгаар тогтнолын 30 жилийн түүхэнд байгуулсан хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлж, ард иргэдийнхээ нийгмийн нөхцөл байдлыг өндөр түвшинд хүргэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх юм” гэж тэр сонгуулийнхаа сурталчилгааны үеэр мэдэгдэж байжээ.
Эцэг Бердымухамедов ерөнхийлөгчийн албыг хүүдээ өвлүүлсний дараа тус улсын парламентын дээд танхимыг даргалах төлөвлөгөөтэй байна.
Сонгуулийн сурталчилгааны үеэр бүх нэр дэвшигч одоогийн ерөнхийлөгчийн байгуулсан гавьяаг шагшин магтацгааж байжээ.