Дэлхий дахинд
Украины Зэвсэгт хүчин Донецкийн төвд “Точка-У” баллистик пуужингаар цохилт өгсөн нь тогтоогдсон ч “Энэ бол маргаангүй Оросын пуужин” гэж мэдэгджээ
Энэ сарын 14-нд Украины Зэвсэгт хүчин Донецкийн төвд “Точка-У” баллистик пуужингаар цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 23-д хүрч, 30 гаруй хүн, тэр дундаа хүүхдүүд шархаджээ. Энэ цохилтын улмаас гурван хүүхэд амиа алджээ.
Донецкийн тэргүүн Денис Пушилины мэдээлснээр, хэрэв пуужинг агаарт устгаагүй бол 500 метрийн радиуст амьд хүн үлдэхгүй байжээ. Донецкийн ардын цагдаа пуужин хөөргөсөн Украины зэвсэгт хүчний галын цэгийг тогтоон, устгах болно гэж Пушилин мэдэгджээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам пуужинг Украины хүчин байрлаж буй Красноармейск хотоос харвасан гэж тодруулжээ. Ийм төрлийн зэвсгээр хотод цохилт өгөх нь цэргийн гэмт хэрэг юм гэж тус яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгджээ. Түүний хэлснээр, “Точка-У” тактикийн пуужинг ашигласан нь Украины арми аль болох олон тооны энгийн иргэдийн аминд хүрэхийг зорьсныг баталж байна.
Украины тал үүнийг үгүйсгэж байна. Украины Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Леонид Матюхин “Энэ бол маргаангүй Оросын пуужин” гэж мэдэгджээ.
Украинд Оросын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины талаас харвасан 15 “Точка-У” пуужинг агаарт устгасан байна.
“Точка-У” пуужингийн комплексыг ЗХУ нуран унасны дараа үйлдвэрлэхээ больжээ. Орос улс эл пуужинг “Искандер” комплексоор сольжээ. “Точка-У” пуужингийн онцлог нь амьд хүч болон хуягт техникт цохилт өгөх зориулалттай. Пуужингийн алслалт нь 120 км байдаг гэж цэргийн шинжээчид тайлбарласан байна. Өдгөө Украинд энэ төрлийн пуужин хөөргөх 38 төхөөрөмж, хэдэн зуун “Точка-У” пуужин байдаг байна. Гэсэн хэдий ч пуужин тэр бүр дэлбэрдэггүй нь насжилттай нь холбоотой байх гэж шинжээчид тодруулжээ. Украин улс энэхүү пуужинг орлох “Ольха” пуужинг бүтээсэн байна. “Ольха” пуужинг Харьковт ашиглаж, Оросын хүчнээс өгсөн цохилт мэт харагдуулахыг оролдож байсан гэж шинжээчид онцолсон байна. Мөн ийм зорилгоор Украины тал “Смерч” тийрэлтэд системийг ашиглаж байгаа аж.