Дэлхий дахинд
Владимир Путин: Хэрвээ мөргөлдөөнд НАТО татагдан орвол цөмийн зэвсэг хэрэглэнэ
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр CNN сувагт ярилцлага өгөхдөө ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсгээ хэрэглэх талаар тайлбарлажээ.
Украинд дайн эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ мөргөлдөөнд НАТО татагдан орвол цөмийн зэвсэг хэрэглэхээр заналхийлж байсан юм. Мөн цөмийн зэвсэгт хүчнээ бэлэн байдалд шилжүүлэх тушаал өгч байв.
Энэ талаар CNN сувгийн сэтгүүлч Кристиан Аманпурын асуултад хариулахдаа Песков “Ерөнхийлөгч Путин манай санааг зовоож буй асуудлыг дэлхий нийтэд сонсгож, ойлгуулах зорилгоор ингэж хэлсэн. Бид юунд санаа зовж байгаагаа хэдэн арван жилийн турш Европ, АНУ, дэлхий дахинд хүргэхийг хичээсэн ч хэн ч биднийг сонсохгүй байна” гэж тайлбарлажээ.
Тэр цааш нь “Бидэнд дотоодын аюулгүй байдлын тухай цогц бодлого бий. Энэ нь олон нийтэд нээлттэй байгаа. Ямар шалтгаанаар цөмийн зэвсэг хэрэглэж болохыг тэндээс уншиж болно. Хэрвээ манай улсын цаашдын оршин тогтнолд аюул учирвал хэрэглэх боломжтой” гэж ярьсан байна.
2020 онд Путиний баталсан ОХУ-ын цөмийн зэвсгийн бодлогын баримт бичигт өгүүлснээр тус улс хоёр тохиолдолд л бөөнөөр устгах зэвсгээ хэрэглэх ёстой гэнэ.
Нэгд, ОХУ болон түүний холбоотны эсрэг цөмийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд, хоёрт, цөмийн бус зэвсгээр халдан довтолсны улмаас улс орных нь оршин тогтнолд аюул учирсан тохиолдолд гэж заасан байна.