Дэлхий дахинд
Украины цэргүүдийн сөрөг довтолгоо амжилттай болсон талаар албаны эх сурвалж мэдээлжээ
Нийслэл Киев хотын дэргэд Оросын зэвсэгт хүчинтэй тулалдаж буй Украины цэргүүдийн сөрөг довтолгоо амжилттай болсон талаар албаны эх сурвалж мэдээлжээ.
Киев хотоос баруун зүгт оршдог Макаров хэмээх жижиг хотыг Украины цэргүүд эзэлж, захиргааны барилга дээр нь тугаа дахин мандуулсан тухай тус хотын эрх баригчид өчигдөр мэдээлсэн байна. Ингэснээр нийслэл Киевийг бүслэх Оросын армийн төлөвлөгөөнд саад учирч байгаа юм.
АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Украины арми өмнөд фронтын зарим хэсэгт мөн амжилттай давшсан тухай өчигдөр мэдээлжээ.
Тухайлбал өмнөд бүсийн Вознесенск хотын дэргэд Украины цэргүүд Оросын цэргийн хүчнийг ухрааж, цувааг нь устгасан тухай мэдээлсэн юм.
Крымийн хойгт ойрхон оршдог, Оросын цэрэгт хамгийн анх эзлэгдсэн хот болох Херсоныг чөлөөлөх ажиллагаанд бас ахиц гарч байгааг Пентагон мэдээлжээ.
Украины умард ба өмнөд хэсгээс довтолж, зэвсэгт хүчнийг нь тус улсын зүүн хэсэгт бүслэн хаах төлөвлөгөө нь бэрхшээлтэй тулгарсан тул Оросын тал ойрын үед тактикаа өөрчилж, шинэ довтолгоо эхлүүлж магадгүйг Их Британийн батлан хамгаалах яамны шинжээчид мэдээлсэн байна.
Их Британийн аюулгүй байдлын судалгааны RUSI (Royal United Services Institute) хүрээлэнгийн шинжээч Жастин Бронк “Оросын цэргийн довтолгоо Украины олон хэсэгт бүтэлгүйтсэн нь тодорхой харагдаж байна. Тиймээс тэд одоо хүн хүчээ татан төвлөрүүлж байгаад шинэ довтолгоо эхлүүлэх магадлалтай боллоо. Ялангуяа Украины өмнөд хязгаар болон Мариуполь хот руу довтлоход хүчээ төвлөрүүлэх магадлал өндөр байна” гэж ярьжээ.
Азовын тэнгисийн боомт хот Мариуполийг эзлэх нь Оросын хувьд чухал ач холбогдолтой гэгдэж байгаа. Учир нь энэ хотыг эзэлж авбал Оросын бүрэлдэхүүнд орсон Крымийн хойгийг Украинаас салан тусгаарласан Донбассын бүс нутагтай хуурай газраар холбож чадах юм. Ингэснээр бас Азовын тэнгисээс Украиныг бүрэн салгах юм.
Мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби ойрын өдрүүдэд Украины зэвсэгт хүчин хэд хэдэн жижиг хотыг Оросын цэргээс чөлөөлөх магадлалтай байгааг мэдээлсэн юм.
Түүний ярьснаас үзвэл Оросын цэргийн довтолгоо сүүлийн өдрүүдэд удааширсан ба үүнд шатахуун, хүнсний хангамж тасалдсан нь голлон нөлөөлж байгаа гэнэ.
Мөн Оросын агаарын болон хуурай газрын зэвсэгт хүчний хооронд харилцаа холбооны тасалдал үүссэн нь байлдааны ажиллагаа удаашрахад нөлөөлж буйг Кирби ярьсан юм.